Иргэн З.М 2025 оны 9 дүгээр сард Дорнод аймгийн Халхгол сумын нутагт явж байхдаа машиныхаа янданд хуримтлагдан өвс, ургамлыг цэвэрлээгүй аж. Яндангаас нь хаясан оч уг өвсийг шатааж, хээрийн түймэр гарчээ. Үүний уршгаар 23,093 га бэлчээр шатаж, байгаль экологид 7.6 сая төгрөгийн хохирол учирсан байна. Уг түймрийн улмаас бусдын 57 сая 820 мянган төгрөгийн эд хөрөнгө сүйдэж, 1 хүн хүнд түлэгджээ.
Энэ хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцээд З.М-г “Ой, хээрийн түймэр тавих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил тэнсэх ял оноож, 1 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авав. Мөн түүнээс байгаль орчинд учруулсан хохиролд 7.6 сая төгрөг гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд тушаахаар шийдвэрлэжээ.
Хавар, намар агаар хуурайшсан үед ой, хээрийн бүсэд тээврийн хэрэгсэлтэй зорчихдоо иргэд тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг сайтар нягтлах шаардлагатай. Жолооч нарын хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн янданд өвс хуримтлагдаж, ой, хээрийн түймэр гарах нэг шалтгаан болдог байна.
Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 24.7-д зааснаар “Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
