Хөгжлийн банкийг хөгжлөөс чангаасан чанаргүй зээлүүд


Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 55.3% нь чанаргүй гэсэн ангилалд ороод байв. Байгуулагдсан цагаасаа хойш тус банк 3000 орчим аж ахуйн нэгжид зээл олгожээ. Үүнээс 26 нь зээлээ хугацаандаа буцаан төлөөгүй. 2014-2019 онд зээл аваад төлөөгүй уг компаниудыг Хөгжлийн банк шүүхэд өгч, 841 тэрбум төгрөг нэхэмжилсэн юм. Үүний дараа компаниуд зээлээ яаж ийн төлсөөр одоо 280 тэрбум төгрөгийн авлага үлджээ.

Энэ онд 200-гаад сая төгрөгийн чанаргүй зээл буцаан төлүүлэхээр төлөвлөж, одоогоор 70 тэрбумыг нь төлүүлээд байна. Одоо 3 компанийн зээлийг эргүүлэн төлүүлэхэд бэрхшээлтэй байгаа аж. Тэд нь “Эрэл”, “Бэрэн”, “Цемент шохой” компани.

ЦЕМЕНТ ШОХОЙ КОМПАНИ

Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийг 2015 онд “Хөтөл” ХХК-д хувьчилсан ч 2022 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар уг хувьчлалыг хүчингүй болгож, 2023 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүрэлдэхүүнд оруулсан. “Хөтөл” ХХК-иас цемент, шохойн үйлдвэрт оруулсан 275.7 тэрбум төгрөгийг “Цемент шохой” ХХК-ийн 2023 оны тайлан бүртгэлд эздийн өмчөөс хасаж, бусад урт хугацаат өр төлбөр гэж  бүртгэжээ. Энэ хооронд “Хөтөл” ХХК банкнаас авсан 296 тэрбум төгрөгийн зээлээ огт төлсөнгүй. “Цемент шохой” ХК 2012 онд Хөгжлийн банкнаас 61.2 сая ам.доллар зээлээд, өнөөдрийг хүртэл төлөөгүй. Үүний хүү торгууль, алданги нийлээд 450 орчим тэрбум орчим төгрөгт хүрчээ.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Хөгжлийн банк, “Эрдэнэс Монгол” ХХК болон “Цемент шохой” ХХК 2025 оны 3-р сард хамтарсан ажлын хэсэг  байгуулж, АТГ-аас тогтоосон дүнгээр буюу “Хөтөл” ХХК-иас “Цемент шохой” ХХК-д оруулсан 190.8 тэрбум төгрөгийг “Цемент шохой” ХХК-ийн 100%-ийн хувьцаанд тооцож, Хөгжлийн банканд шилжүүлэх санал гаргажээ. Үүнийг 2025.04.16-нд Засгийн газар дэмжсэн ч тогтоол гаргаагүй байна. Тиймээс уг саналыг ажил болгож чадахгүй байгаа юм.

Хэрвээ ЗГ албан ёсоор тогтоол гаргавал “Цемент шохой” ХХК нэмэлт хувьцаа гаргаж, Хөгжлийн банкинд эзэмшүүлнэ. Уг хувьцааны төлбөрийг Хөгжлийн банкнаас “Хөтөл” ХХК-д шилжүүлнэ. Ийм замаар Хөгжлийн банкны 450.8 тэрбум төгрөгийн авлагыг “Хөтөл” ХХК барагдуулах юм.

БЭРЭН ГРУПП

“Бэрэн групп” компанийн зээл хамгийн хүндрэлтэй нь. Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх VII хороололд 720 болон 120 айлын “Ё” блок орон сууцны хороолол барихаар 2017.10.30-нд 33.2 тэрбум төгрөг зээлжээ. Хүү нэмээд Хөгжлийн банк тус компаниас 43.88 тэрбум төгрөг нэхэмжилж, “Хангай” хотхоны орон сууцаа зарсаар “Бэрэн групп” уг зээлээ төлжээ.

Одоо тус компани гангийн үйлдвэр барих зориулалтаар авсан зээлээ төлж чадахгүй байгаа аж. “Бэрэн групп” ХХК Орхон аймгийн Баян-Өндөр суманд “Хөх ган” компанийн 37.2 га газар дээр арматурын үйлдвэр барихаар 2014 онд 8%-ийн хүүтэй 45 сарын хугацаатай 22.7 сая ам.доллар зээлжээ. Гэсэн ч мөнгө дутсан Хөгжлийн банкнаас нэмж зээл авахаар 2020 оноос удаа дараа хүсэлт тавьсан ч бүтээгүй.

Одоо Хөгжлийн банкны гэх 42 хүн, 3 аж ахуйн нэгжид холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026.03.10-нд ххэлэлцээд, “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөрийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримт хуурамч гэдгийг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм.

Мөн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх, гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэж үзсэн. Энэ хэргээр түүнийг хорьж буй. Үүний улмаас “Бэрэн групп”-ийн үйл ажиллагаа доголдож, зээлээ төлж чадахгүй байгаа аж.

ЭРЭЛ

“Эрэл” компани угсармал орон сууц барих зориулалтаар 2013.08.20-нд Хөгжлийн банкнаас 65.5 тэрбум төгрөг зээлсэн байдаг. Үүнийгээ хүүтэй нь төлөөгүй тул Хөгжлийн банк 161.9 тэрбум төгрөг нэхэмжлэн, шүүхэд хандсан юм. 3 шатны шүүхийн шийдвэр Хөгжлийн банкны талд гарч, “Эрэл” компани уг зээлийн төлбөрт Байшин үйлдвэрлэх комбинат (БҮК)-аа өгөхийг хүссэн аж.

БҮК-ээ “Эрэл” компани 270 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Ийм үнээр тооцож авбал БҮК-ийг буцаагаад, зарахад бэрх. Худалдан авагч олдохгүй. Уг нь олон улсын үнэлгээний байгууллагууд БҮК-ийг 40-50 тэрбум гэж үнэлж байгаа аж. Тиймээс БҮК-ийг дахин үнэлүүлэх шаардлага үүсээд байна.  

НЬЮ ЯАРМАГ ХАУСИНГ ПРОЖЕКТ

“Төрийн орон сууцны корпорац” ТӨХХК, “Нью яармаг хаусинг прожект” ХХК хамтран, “Шинэ Яармаг” орон сууцны хороолол барихаар 2015.05.28-нд 142.44 тэрбум төгрөг зээлжээ. Үүнээс 104.7 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй байна. Үүнийг төлүүлэхээр Хөгжлийн банк нэхэмжлэн, шүүх ТОСК-аас 24.6 тэрбум төгрөг, “Нью яармаг хаусинг прожект” ХХК-иас 61.2 тэрбум төгрөг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэжээ.

“Нью яармаг хаусинг прожект” ХХК одоо уг барилгаа барьж дуусгахад дахиад 100 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Нэгэнт тус компанид зээл олгох банк олдохгүй, өмнөх зээлээ төлж чадахгүй байгаа тул Хөгжлийн банк “Шинэ Яармаг”-ийн 540 айлын орон сууц барих төслийг олон нийтэд нээлттэй зарлаж, зарахаар төлөвлөжээ.

Ч.УНДАРМААГИЙН КОМПАНИУД БА ГАНТИГ ВИЛЛА

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа мах боловсруулах цогцолбор төв байгуулахаар “Монгол мах экспо”, “Бишрэлт пропертиз”, “Веллмарт” зэрэг компанийнхаа нэр дээр 2017.12.12-нд Хөгжлийн банкнаас 31.9 тэрбум төгрөг зээл авч, 8.4 тэрбумыг нь төлжээ. “Монгол эм импекс концерн”, “Бишрэлт групп” ХХК-иараа 2018.03.09-нд  эм, дуслын шингэний үйлдвэр байгуулахаар  Хөгжлийн банкнаас 7.27 тэрбум төгрөг зээлж, 5.55 тэрбумыг нь эгүүлэн төлжээ. Үндсэн зээлийн хүү, төлбөрийн алданги нийлсэн 4.9 тэрбум төгрөг төлөөгүй.

2022 онд тус компанийн 86.6 тэрбумын өрөнд Хан-Уул дүүргийн XI хороонд 9 блок, 180 айлын орон сууцны “Гантиг вилла” хотхоныг авчээ. Энэ хотхоныг барьж дуусгахад одоо 20 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ хотхоныг гүйцээн барьж, худалдан, Хөгжлийн банкны зээлийг төлөхөөр ЗГ 2025 онд шийдвэрлэсэн. Үүний дагуу 2022 оны 9-р сард уг хотхоныг Хөгжлийн банкны нэр дээр бүртгэж авчээ.

“Гантиг вилла”-г гүйцээн бариулж, зээлийг төлүүлэхээр ТӨБЗГ нэг аж ахуйн нэгжийг шалгаруулжээ. Гэвч тэр нь ажлаа сайн урагшлуулж чадахгүй байгаа аж. Тиймээс уг төслийг гүйцээн барьж, борлуулан, банкны өрийг төлөх компанийг дахин сонгон шалгаруулах хэрэгтэй болж байна.

Уг нь байрлал сайтай гээд “Гантиг вилла” хотхоныг сонирхогч олон байгаа гэнэ. Үл хөдлөх хөрөнгийн үнэ нэмэгдэж байгаа нь ч үүнд эергээр нөлөөлж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *