Испани улсын иргэн эмэгтэй өөрийнхөө хүслээр үхэхийн тулд аавтайгаа 1 жил хагас шүүхдэлцээд ялж, пүрэв гарагт эвтанази аргаар үхжээ. Ноэлия Кастилло эвтаназийн аргаар үхэхийн тулд шүүхэд хандсан, ялсан анхны хүн болсон байна.
Барселона хотын 25 настай эмэгтэй Ноэлия Кастилло 2021 онд 4 жил үерхсэн найз залуудаа хүчиндүүлжээ. Үүний дараа тэрбээр шөнийн цэнгээний клубт хэсэг бүлэг залууст мөн хүчиндүүлсэн байна.
Үүний улмаас сэтгэлээр навс унасан Ноэлия Кастилло 2022 онд амиа хорлох гэж оролдсон боловч бүтэлгүйтэн, хоёр хөл нь мэдээ алдаж, хагас саажилттай болж хоцорчээ. Үхье гээд ч үхэж чадахгүй, амьдаръя гээд ч амьдрах хүсэлгүй хоёрын хооронд болж хоцорсон Кастилло охинд 2024 оны зун Каталонийн Засгийн газар үхэх эрх олгосон байна. Хүнд өвчтэй, эсвэл өөрөө үхэхээр шийдсэн хүнийг эмнэлгийн аргаар үүрд унтуулдаг. Үүнийг эвтанази гэнэ.
Гэвч 2024 оны зун Кастиллог эвтанази аргаар унтуулах гэж байтал аав нь консерватив кампанит ажил хийдэг “Христийн хуульчид” байгууллагыг хөлслөн, охиноо үхүүлэхгүй хэмээн шүүхэд ханджээ. Ийн Кастиллог эвтанази аргаар унтуулах шийдвэрийг түдгэлзүүлсэн байна.
Аав нь охиноо сэтгэц хуваагдах эмгэгтэй учир бие дааж, зөв шийдвэр гаргах чадамжгүй гэж мэдэгджээ. Тэрбээр охиныхоо үхэх шийдвэрийг эсэргүүцэж буйг “Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай залуу хүний, ялангуяа хамгийн эмзэг бүлгийн хүний амийг хамгаалах нь төр, засгийн үүрэг” гэж шүүхэд мэдэгдсэн байна. Ингээд аав, охин хоёрын зарга 18 сар үргэлжилсэн хууль ёсны тэмцэл болон хувирчээ.
Европын хүний эрхийн шүүх Ноэлия Кастиллогийн талд шийдвэр гаргаснаар энэхүү маргаан дууслаа. Ноэлия Кастилло охиныг 3-р сарын 26-ны пүрэв гарагт эмнэлэгт эвтаназийн аргаар унтуулсан болохыг “Христийн хуульчид” бүлэг X платформоор дамжуулан олон нийтэд мэдээллээ. Тус бүлэг “Кастилло охины хэрэг Испанийн Эвтаназийн хуулийн ноцтой алдаа дутагдлыг харуулсан жишээ боллоо” хэмээн мэдэгдсэн байна.
Кастилло охины ээж Иоланда “Охиныхоо шийдвэртэй санал нийлэхгүй байсан ч хүндэлсэн” гэж тайлбарласан байна.
Испани улсад Эвтаназийн хууль 2021 онд хэрэгжиж эхэлжээ. Засгийн газрын мэдээллээс харахад, 2024 онд эвтаназийн аргаар үхэх 426 хүсэлтийг зөвшөөрсөн байв. Энэ нь сүүлийн жилүүдэд ирсэн хамгийн олон хүсэлт аж.
Эх сурвалж: BBC
