УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр Төрийн ордонд “Туулын хурдны зам” төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Уг хэлэлцүүлгийг чиглүүлсэн УИХ-ын гишүүн Б.Жаргаланг хүмүүс “Аав чинь Туулын хурдны замыг санаачилсан. Аавынхаа санаачилгын эсрэг юм ярьж байна” хэмээн буруутгаж байна. Үүнд тэрээр дараах тайлбарыг цахим хуудсаараа дамжуулан өгөв.
УИХ-ын гишүүн Батбаярын Жаргалан:
-Туулын хурдны замыг анх аав санаачилж байсан нь үнэн. Гэвч Ардчилсан намын аливаа дэвшилтэт санал, санаачилгыг тэд тээр хойно өлгөж авахдаа анхны концепцыг нь гажуудуулж, авлигажуулж, бүхэлд нь үрэн таран хийдгийн яруу тод жишээ Туулын хурдны зам болж байна. Голын хойд эргийн дагуу далангаар явах байсан төлөвлөлтийг 2,574 бетонон багана бүхий гүүрэн зам болгож өөрчилснөөр төслийн байгаль экологийн эрсдэл болон өртөг эрс нэмэгджээ. Тийм ч учраас аав бид хоёр “Хатан Туулаа хамгаалъя” хөдөлгөөнд нэгдэж байгаа.
Миний аав Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажилласан 2 жилийн хугацаандаа зөвхөн зам тээврийн салбарт гэхэд хотын гудамж, уулзваруудыг өргөтгөх, гэр хорооллыг гудамжжуулах, хот төлөвлөлтийг эрс шинэчлэх “Гудамж” төслийг санаачлаад зогсохгүй аймгийн төвүүдийг нийслэлтэй холбосон 2,000 гаруй км автозам тавьсан байдаг. Тухайн үед МАН жинхэнэ жадлан эсэргүүцэж байсан билээ.
