Туулын хурдны замын бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбоотой байгаль орчин сүйдлээ гэх эмзэглэл олон нийтийн дунд их бий. Үүнтэй холбоотойгоор Усны инженер Ш.Баранчулуунаас тайлбар авчээ.
“Туулын хурдны замыг барьснаар Туул голын ус ширгэхгүй. Туул голын ус дундаж урсцаар нэг секундэд 25-26 шоо метр өнгөрдөг. 1966 оны үерээр нэг секундэд 1580 шоо метр ус өнгөрсөн байдаг. Энэ үерээр усны түвшин өдөрт 1 метр 40 см-ээр нэмэгдэж байсан. 1000 жилд нэг удаа үер болоход Туул голын усны түвшин 5 метрээр нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд судалжээ. Туулын хурдны замыг барих явцдаа үерийн хамгаалалтын даланг мөн цоо шинээр барина. Улаанбаатар хотод 100 жилээс дээш хугацаанд нэг удаа тохиолдох үерээс Туулын хурдны замыг дагаж баригдах үерийн хамгаалалтын далангаар хамгаална. Учир нь Туулын хурдны зам үерийн далангаас 1 метр 40 см-ээр дээш баригдана.
Нэгдүгээрт, ирээдүйд үерийн эрсдэлээс сэргийлж, үерийн далангаа Туулын хурдны замтай хамт давхар шинэчилж байгааг ойлгох нь зүйтэй.
Хоёрдугаарт, Туул голын усны 25 хувь нь хотоос маш алсаас буюу Хан Хэнтийн нурууны цэвдэгтэй хэсгээс эх авч урсдаг, 70 хувь нь хур тунадасны уснаас бүрдэж байгаа. Туул голыг хур тунадасны горимтой гол ч гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг. Хур тунадас их, бага орсноос усны түвшин нь шалтгаалдаг гэж хялбараар ойлгоход болно. Тиймээс Туул голын усны түвшинд Туулын хурдны зам нөлөөлөх ямар ч үндэслэл, боломжгүй юм” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
