Прокурорын байгууллагаас насанд хүрээгүй хүүхэд холбогдсон зөрчлийг судлахад дийлэнх хувийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил эзэлж байна. Тодруулбал, насанд хүрээгүй хүүхэд жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2023 онд 736, 2024 онд 917, 2025 онд 2007 бүртгэгдсэн байна.
Эрх бүхий албан тушаалтнаас 2026 оны эхний гурван сарын байдлаар жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэн насанд хүрээгүй нийт 446 холбогдогчид шийтгэл оногдуулжээ.
Дээрх зөрчлийн 141 буюу 31.6 хувь нь Нийслэлд, 305 буюу 68.4 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Зөрчлийн холбогдогчийн 400 буюу 89.7 хувь нь эрэгтэй, 46 буюу 10.3 хувь нь эмэгтэй, боловсролын хувьд 62.1 хувь нь бүрэн бус дунд, 30.5 хувь нь бүрэн дунд, 7.4 хувь нь бага байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар 18 насанд хүрсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий шалгалтад тэнцсэн хүнд жолоодох эрхийн үнэмлэх олгосноор тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох эрхтэй.
Зөрчлийн тухай хуулийн 14.7 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400 мянган төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.
Эцэг эхчүүд автомашины түлхүүрээ ил орхидог, хүүхдүүд жолоодох эрхгүйгээр хөдөлгөөнд оролцсоноос үүсэх хууль эрх зүйн үр дагаврыг бүрэн ойлгоогүй, энэ талаарх мэдлэг дутмаг, автомашин жолоодох сонирхолдоо хөтлөгдөн эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож, зөрчлийн холбогдогч болж байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид насанд хүрээгүй хүүхдийг тээврийн хэрэгсэл жолоодох нөхцөл боломжийг бий болгохгүй байх, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг прокурорын байгууллагаас сэрэмжлүүлж байна.

