Ерөнхий сайд болонгуутаа Г.Занданшатар Засгийн газраа хэмнэлтийн горимд шилжүүлж, төсөвт тодотгол хийсэн. Түүнээс хойш манай улс бүгдийг хэмнэж, бүхнийг гамнах “тушаалтай” явж ирлээ. Иран-Израилын зэвсэгт мөргөлдөөн, нүүрсний үнэ унасан зэрэг нь Г.Занданшатарын засгийн төсвийг 3.2 их наяд төгрөгөөр тасалдуулсан бол Иран-АНУ-ын дайн, газрын тосны үнэ өссөн зэрэг шалтгаан Н.Учралын засгийг бүсээ чангалахад хүргэв.
Яамдын тоо, нэрийг нь өөрчлөх бүрт хаяг, бланк, тамгыг нь сольдог. Төрийн зарим байгууллагын албан хаагчид нааш цаашаа нүүх, солигдох болдог. Энэ зардлыг хэмнэх үүднээс Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүнийг Г.Занданшатар өөрчлөөгүй. Н.Учрал ч бас яг ийм шалтгаанаар Г.Занданшатарын засгийг дуурайв.
Г.Занданшатар нийтийн албанаас шаардлагагүй 3000 орон тоог цомхотгосон. Энэ бол 26 яам татан буулгасантай дүйх хэмнэлт гэж Н.Учрал тооцжээ. 1 яам 115 хүнтэй гэхээр барагцаа. 3000 хүний зөвхөн цалинд жилд 7.4 тэрбум төгрөг өгдөг байв. Өмнөх засаг нь ийм их цомхотгол хийж, тийм их мөнгө хэмнэсэн учир манай засаг орон тоо цомхотгохгүй гэж Н.Учрал хэлж байна.
Н.Учрал ч бас яг ийм шалтгаанаар Г.Занданшатарын засгийг дуурайв.
“Бидэнд сандал суудал биш санал, шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш илүү төлнө. Нэг сайд цомхотгоход дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ. Татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна” гэж тэр үүнийгээ аятайхан тайлбарлав.
АН-ын бүлгийн шаардлагыг шинэ Ерөнхий сайд хүлээн авч, 12 дэд сайд цомхотгов. Гэхдээ үндсэн чиглэлийн 4 дэд сайдаа авч үлдлээ. ¼ гэдэг чинь дэд сайд нараасаа бүрэн салаагүй гэсэн үг.
Өнгөц харвал энэ нь үнэхээр төсөв нэмнэсэн шийдэл. Сайн ажиглавал сайдынхаа тоог олон байлгаж, МАН доторх бүлэглэлүүдийнхээ төлөөллийг ЗГ-таа бүгдийг нь багтаах, нэмээд бусад намд сайдын суудал гаргах арга. Тэгэхгүй бол гомдогсдын тоо нэмэгдэж, засгаар нь оролдох эрсдэл өндөрсөнө. Г.Занданшатар ч, Н.Учрал ч ийм л тооцоо хийлээ. Гэлээ гээд Г.Занданшатар тэссэнгүй. Ердөө 8 сар болоод огцорлоо. Түүний арга барилаар засгаа байгуулсан Н.Учралд тэгэхээр тэсэх магадлал бага.
Түүний Засгийн газар нийт 19 сайдтай. МАН-аас 16 сайд, ХҮН-аас 2 сайд, Үндэсний эвслээс 1 сайдыг тэр танхимдаа авлаа. МАН доторх 38-ын бүлэглэлдээ 11 сайд өгч, 30-ын бүлэглэлдээ 5 сайд гялайлгав. Бүх сайд нарынх нь 79 хувь нь өмнө нь Засгийн газарт ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.
Шатахууны үнэ тэнгэрт хадвал ч Н.Учрал удахгүй ээ
“Түлш шатахууны үнийг барих боломжгүй” гэж Н.Учрал шуудхан хэлж, “Тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно” гэж амлав. Шатахууны үнэ нэмэгдэх, хомсдох бол монголчуудын хувьд дажин. Үүнийг хэрхэн давахаас түүний танхимын нас бас шалтгаална. Төсөв тодотгох нь тодорхой болсон ч түүнийг хүлээлгүйгээр Засгийн газар хэмнэлтийн горимд шилжлээ. Шилжсэн гэж хэлсэн л болохоос яг яаж шилжсэнээ Н.Учрал харуулаагүй. Тоо, баримтаар нотлохыг нь харж байж л шилжсэн гэж итгэе.
Үүн дээр 5 нам, эвсэлтэй, МАН-ын бүлэг нь 2 хуваагдчихсан УИХ түүний ЗГ-ын шүүсийг шахах нь дамжиггүй. Г.Занданшатарын ЗГ-ын шүүсийг шахсаар байгаад, огцруулсан юм. Парламентын гишүүд сүүлийн нэг жилд хилэн ихтэй байгаа. Нийслэлийн засаг даргаас эхлээд хэн дуртай нь УИХ-ыг үл тоож байгаад тэд багтарч яваа. Жагсаалтынхан, тойргийнхон гэж хуваагдаад үздэг болсон. 30:38 гэж талцдаг болсон. Дан дээлтэй, давхар дээлтэй гэж ялгардаг болсон.
ЗГ-аас жийгдсэн ИЗНН чаг чаг хийнэ. Д.Нарантуяа-Нара гэдэг яггүй гишүүн тэнд бий. Энэ намынхан Наратайгаа нэгдчихвэл Н.Учралын яггүй учраа нэгээр нэмэгдэнэ. ХҮН-ын 1 гишүүн нь намаасаа гарчихсан. АН-ын бүлэг хүч орж, өмнөх шигээ доожоогүй байхаа больсон. 38-ын бүлэг одоогоор 30-ын бүлгээ 5 сайдын суудлаар арайхийж хуурсан ч сэтгэл гонсгор яваа. Үүн дээр махны үнэ, шатахууны хомсдол шинэ засгийг нэрвэнэ. Шатахууны үнэ тэнгэрт хадвал ч Н.Учрал удахгүй ээ.
