Сургууль, цэцэрлэгийн засварт ашигладаг будаг нь хорт хавдар үүсгэдэг болохыг саяхан УИХ-ын чуулганаар гишүүд онцолсон. Тодруулбал ,Сургуулийн анги танхимын засварт ашигладаг тосон суурьтай будаг нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, цаашлаад цусны хорт хавдар үүсгэх эрсдэлтэй талаар Нийгмийн эрүүл мэнд, орчин, хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлийн судлаач, Анагаах ухааны доктор, дэд профессор, Д.Нарансүх тухайн чуулганы үеэр онцолсон. Монгол Улсад 2023 онд хийсэн нэгэн судалгааны үр дүнд дотоод орчны агаар дахь органик бохирдуулагчид хүүхдүүд хэрхэн өртөж байгааг судалжээ. Тус судалгааны үр дүнгээс харахад, сургууль, цэцэрлэгийн барилгад засвар хийсний дараа дотоод орчны агаар дахь зарим хорт бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их байсан нь тогтоогдсон байна. Сургууль,цэцэрлэгийн засварыг хийсний дараа ханан дах будгаас шинжилгээ авахад формальдегид гэх бодис 2.7–2.9 дахин, бензол 3.5 дахин, толуол, ксилол зэрэг бодисууд тус бүр 3 дахин их байсан гэсэн үр дүн гарсан аж. Бензол, формальдегид зэрэг нь дэгдэмхий органик нэгдлүүд бөгөөд хүний биед хавдар үүсгэдэг нь Олон улсын хавдрын судалгааны агентлагийн судалгаагаар батлагджээ. Тус агентлаг химийн бодисуудыг хавдар үүсгэх эрсдэлээр нь 1-ээс 4 хүртэл ангилдаг бөгөөд 1 дүгээр ангилалд хүний биед хавдар үүсгэдэг нь нотлогдсон бодисууд ордог. Бензол нь энэ ангилалд багтдаг бөгөөд будаг, уусгагч бодис, бензин зэрэгт түгээмэл агуулагддаг дэгдэмхий хорт бодис юм. Бензол нь амьсгалын замаар хүний биед орж, цусны эсийн төлжилтийн үйл явцыг алдагдуулж, улмаар ноцтой өвчин, хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж судлаачид тодорхойлжээ. Тэгвэл Монгол цусны хорт хавдраар өвчилж буй хүүхдүүдийн 95 хувь шалтгаан нь тодорхойгүй байдгйиг ЭХЭМҮТ-өөс мэдээлсэн. Цусны хавдрын өвчлөл нь олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа ч судлаачдын үзэж байгаагаар хамгийн том нөлөөлөх хүчин зүйл нь орчны нөлөө, хоол хүнс болон химийн хорт бодисын өртөлт гэдгийг онцолж буй.
Будган доторх хүнд металл, хорт бодисын агууламжийг тодорхойлох төхөөрөмжийг Алтанбулаг боомтод суурилуулж байна
