Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах мэдээллийг өглөө.
“Аж үйлдвэрийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд зарим бодлогуудыг баримтлах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Удаан хугацаанд яригдаж байсан гангийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах шийдвэр гаргалаа. Энэ цогцолбор бол хамгийн багадаа 1 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай, Дархан-Уул аймагт байрлах юм. 800 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалттай.
Монгол Улс 2025 оны эцсийн байдлаар гарсан дүнгээр 1 сая тонн гаруй ган хэрэглэж байна. 2030 онд 1,7 сая тонн ган хэрэглэх тооцоолол байна. Өөрийн дотоодын хэрэгцээг 60-70 хувь хангах үйлдвэртэй болно. Ингэснээр цементийн үнэ 2 дахин буурах боломж бүрдэнэ. 1700 орчим байнгын ажлын байрыг бий болгох төсөл гараанаас гарахад бэлэн болж байна.
Дараа нь бидний анхаарч буй төсөл бол алт цэвэршүүлэх үйлдвэр. Удахгүй олон улсын сонгон шалгаруулалт хийж хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийхэд бэлэн болж байгааг дуулгая. Үүний өмнө зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалт эцсийн шатандаа ороод байна. Аж үйлдвэрийн томоохон төслүүд хөдөлсөн он жилүүд биднийг угтаж байгааг дуулгахад таатай байна” гэлээ.
