УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ АТГ-т хандан, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярт холбогдох хэргийн баримтуудыг хүлээлгэн өгч, шалгаж өгөхийг хүссэн. Тэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Бодь интернэшнл” ХХК-иас нийт 1.3 сая ам.доллар бэлнээр авсан хэмээн сэтгүүлчдэд мэдээлсэн юм. АТГ уг баримтын дагуу УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс гэрчийн мэдүүлэг авч, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-т заасан “Хахууль авах” гэсэн зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.
Энэ хэрэгт холбогдуулан өнөөдрийн байдлаар 6 хүнээс мэдүүлэг авч, 3 баримтад үзлэг хийсэн бол байна. Л.Оюун-Эрдэнийн баримтад нэр холбогдсон аж ахуйн нэгж, байгууллагуудаас 5 удаагийн лавлагаа авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Одоо 7 банкаас лавлагаа, дансны хуулга авахаар ажиллаж байгаа тухай АТГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Б.Билэгт мэдээллээ.
“Бодь интернэшнл” компанийн захирал асан А.Амундрад АТГ-аас мөрдөгчийн дуудан ирүүлэх хуудас цахимаар хүргүүлжээ. Учир нь тэр гадаадад байгаа аж. А.Амундра гэрч, хохирогчийг хамгаалалтад авах, хамтран ажиллах этгээдээр тогтоолгох боломжийг АТГ-аас лавласан байна. Тэр гадаадаас Монгол Улсын ЭСЯ-аар дамжуулан, уг хүсэлтээ АТГ-т ирүүлэх боломжтой.
Хэрвээ ингэвэл АТГ уг хүсэлийг хүлээн авч, А.Амундраг хохирогч, гэрчээр тооцох, түүнийг хамгаалалтад авахаар бол нийслэлийн Прокурорын газарт хандах юм. Прокурор уг саналыг шүүхэд гаргаснаар шүүх А.Амундраг хохирогч, гэрчээр тооцох эсэхийг шийднэ.
