Цэц даргатай ч юм шиг, үгүй ч юм шиг  


Үндсэн хуулийн цэц 9 гишүүнтэй ажилладаг ч одоо бол 8 гишүүнтэй. 1 гишүүний орон тоо эзэнгүй байгаа юм. Тэдний 7 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй. Цэц 2 эмэгтэйтэй байсны 1-ийг нь Н.Учрал УИХ-ын дарга болонгуутаа ерөнхий нарийн бичгийн даргаараа авсан. ҮХЦ-ийн гишүүн, Гавьяат хуульч Л.Өлзийсайханд тэрээр санал тавьж, Л.Өлзийсайхан уг саналыг нь хүлээж авснаар 2025.11.28-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар Л.Өлзийсайханыг ҮХЦ-ийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлж, УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон юм.

Цэцийн гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүх санал болгож, УИХ 6 жилийн хугацаатай томилдог. Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалангийн 6 жилийн хугацаа дуусаад жил гаруй болж байна. М.Энхболдыг спикер байхад УИХ 2019.06.06-нд түүнийг ҮХЦ-ийн гишүүнээр томилжээ. Цэцийн гишүүнээр ажиллах хугацаа нь 2025.06.05-нд дууссан.

Үндсэн хуулийн 65.3-т “ҮХЦ-ийн даргаар 9 гишүүний аль нэгийг 3 жилийн хугацаагаар гишүүдийн олонхын саналаар сонгоно. Түүнийг нэг удаа улируулан сонгож болно” гэж заажээ. Цэцийн гишүүн 6 жилийн хугацаатай учир 1 хүн бүрэн эрхийнхээ хугацаанд 2 удаа даргаар сонгогдож, 6 жил цэцийг даргалж болох нь. Г.Баясгаланг 2024.05.31-нд цэцийн гишүүд даргаараа сонгосон байна. Гэхдээ гишүүнийх нь хугацаа дууссан болохоор даргаар ажиллах хугацаа нь хамт дууссан гэсэн үг.

Томилгоот хугацаа нь дууссан хүмүүсээр Үндсэн хууль мануулаад байх нь хэр зохистой юм бол доо

Хугацаа нь дуусвал цэцийн гишүүнийг хэрхэх тухай Үндсэн хуульд ч, ҮХЦ-ийн тухай хуульд ч тодорхой заалт алга. ҮХЦ-ийн тухай хуулийн 4.3-т “Цэцийн гишүүний бүрэн эрх нь УИХ-аас дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болно” гэж заажээ. Хугацаа нь дуусвал УИХ дараагийн гишүүнийг даруй томилно гэж байгаа юм уу, парламент орны хүнийг нь томилоогүй бол цэцийн гишүүн хугацаа дууссан ч ажиллаад байж болно гэж байгаа юм уу? Ойлгомжгүй юм. УИХ дараагийн хүнийг томилтол ажиллаад байж болох юм бол “6 жил” гэж зааж өгөх хэрэггүй л баймаар. Тэгтэл Үндсэн хуульдаа ингээд заачихсан байх юм. Ийм тохиолдолд Үндсэн хуулийг дагах ёстой биз дээ.

Г.Баясгалангийн орны хүнийг парламент санал болгож, томилуулах учиртай. Гэвч парламент яг тэр үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулаад тун ч завгүй байлаа. Түүнээс хойш парламент жагсаалтын, тойргийн гэж талцан “байлдаад”, зарим нь сайд болох гэж гүйгээд, юун Г.Баясгалан манатай байв. Тэгж байтал наадам, дараа нь МАН-ын тамганы төлөөх зодоон өрнөж, эцэст нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрөө огцорсон. Г.Баясгаланг сольж амжаагүй.

Түүний дараа Н.Учрал спикер болсон ч удсангүй. Одоо С.Бямбацогт уртхан амьсгаа авч, цэцийн гишүүдийн томилгоог шийдэж чадах эсэхийг бүү мэд.

Хугацаа нь дууссан гишүүн

  • Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан

Хугацаа нь дуусах дөхөж буй гишүүд

  • Ж.Эрдэнэбулган УИХ-ын 2021.03.26-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. 6 жил нь 2027.03.25-нд дуусна. Түүнийг Улсын дээд шүүх санал болгожээ.
  • Д.Гангабаатар УИХ-ын 2021.10.07-ны 76 дугаар тогтоолоор ҮХЦ-ийн цэцийн гишүүнээр, УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн үед томилогдсон. Бүрэн эрхийн хугацаа нь 2027.10.06-нд дуусна.

Хугацаа нь дуусах болоогүй гишүүд

  • Ц.Цолмон Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад УИХ-ын 2024.05.30-ны 50 дугаар тогтоолоор ҮХЦ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. Хугацаа нь 2030.05.29-нд дуусна.
  • О.Мөнхсайхан УИХ-ын 2023.11.16-ны 97 дугаар тогтоолоор ҮХЦ-ийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. 2029.11.15-нд хугацаа нь дуусна. Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн үед УДШ-ээс ҮХЦ-д санал болгосон 3 хүн бий. Тэдний 1 нь О.Мөнхсайхан. Түүний хугацаа дуусах болоогүй бол нөгөө 2-ынх нь хугацаа дуусах дөхөж буй аж.
  • Э.Энхтуяа Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санал болгосноор УИХ түүнийг 2023.11.16-нд ҮХЦ-ийн гишүүнээр томилжээ. Бүрэн эрх нь 2029.11.15-нд дуусна.
  • Б.Болдбаатар УИХ-ын 2024.05.30-ны 51 дүгээр тогтоолоор ҮХЦ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг санал болгосон. Ажиллах хугацаа нь 2030.05.29-нд дуусна.  
  • Р.Батрагчаа  УИХ 2024.05.30-нд түүнийг ҮХЦ-ийн гишүүнээр томилжээ. 2030.05.29 хүртэл ажиллах түүнийг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санал болгосон байна.

УДШ-ээс санал болгосон 3 гишүүнээс Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар 2-ын ажиллах хугацаа жилийн дараа дуусаж, О.Мөнхсайхан үлдэнэ. Харин Ерөнхийлөгчийн санал болгосон 3 хүний хугацаа дуусах болоогүй, томилогдоод 1-2 жил ажиллаж байна.

ҮХЦ-ийн гишүүний ажлын байранд УИХ-аас санал болгосон 3 хүнээс Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дууссан бол Л.Өлзийсайхан өөр ажилд шилжиж, одоо Ц.Цолмон үлджээ. Томилгоот хугацаа нь дууссан хүмүүсээр Үндсэн хууль мануулаад байх нь хэр зохистой юм бол доо.

Ядах нь ээ даргынх нь хугацаа дуусчихсан. Хугацаа нь дууссан даргатай цэцээр Г.Занданшатарын ЗГ огцрох аюулаас авруулсан. Гэвч нэг их удалгүй огцорч, ЗГ-ын хугацаа нь бас дууслаа. Баянхонгорынхон нэг нэгэндээ тус дэм болж чадсан уу, үгүй юү, бүү мэд.

Бүх хуулийн үндэс болсон хуулийн харуулууд өөрсдөө хуулиар заасан хугацаа хэтрүүлэн ажиллаад байх нь эвгүй л байгаа байлгүй. Дарга нь байгаа болохоор гишүүд нь дотроосоо хүчин төгөлдөр дарга сонгож чадахгүй. Г.Баясгалан өөрийн хүсэлтээр даргын ажлаа өгдөггүй. Хэн хэндээ хэцүү л юм. Тэгэхээр парламент одоо цэцэд 2 хүн томилох шаардлагатай байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *