Г.Отгонбаатар: Станцын үнс Дарханыг сааралтууллаа


“Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн үнсэн далангийн үнс салхинд хийсэж, орчныг бохирдуулж байна. Сүүлийн хэдэн өдрийн салхинд уг үнс хийсэж, Дархан хотыг нөмөрчээ. Уг асуудлыг Дархан-Уул аймгийн Байгаль орчны газар, Дархан хотын Захирагчийн ажлын алба газар дээр нь шалгаж, үнсэн даланг яаралтай хөрсөөр хучуулж эхэллээ. Үүний дагуу “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК, гүйцэтгэгч компани хамтран өчигдрөөс 100×300 ам м талбайн үнсийг норгож эхлэв. Хөрсөөр хучих ажлыг сарын хугацаанд дуусгахаар төлөвлөж байна.

Энэ талаар Дархан-Уул аймгийн ИТХ өнөөдөр хэлэлцлээ.

ИТХ-ын төлөөлөгч Г.Отгонбаатар:

-Ниргэсэн хойно нь хашхирч байна. Станцын үнс сүүлийн хэдэн хоног Дарханыг сааралтууллаа шүү дээ. Энийг хариуцдаг хүмүүст заавал хариуцлага яриарай. Өнгөрсөн өвөл цэвэрлэсэн цасаа тэнд овоолж хаях боломж байсан. Хаяагүй.

Г.БАТБИЛЭГ: СТАНЦЫН ҮНСЭН ДЭХ ЦАЦРАГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

ИТХ-ын төлөөлөгч Г.Батбилэг:

-“Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК Багануур, Шарынгол гэсэн 2 төрлийн нүүрс түлдэг. Үүнээс Багануурын нүүрс нэлээд цацраг ихтэй. Шатахаараа цацраг нь ихэсдэг. Тиймээс стандартын дагуу аймгийн Байгаль орчны газар Багануур, Шарынголын нүүрснээс дээж авч шинжлээрэй. MNS стандарттайгаа таарч байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй.

Энэ үнс чинь тэр чигтээ усаар баригдаад, үнсэн далан дээр очиж байгаа. Үнсэн далангаас өдөр бүр 0.5%-ийн ус ууршиж байгаа ш дээ. Ус нь ууршингуут үнс нь ил гардаг. Бид цацрагийн хордлогод хэр их орж байгаа гэдгээ мэдмээр байна. Та хэд нөлөөллийн үнэлгээ 2 жил тутам хийдэг байлгүй. Үнэлгээний дүгнэлтээ танимлцуулсан нь дээр байлгүй.

Станцын үнсийг барилгын материалд ашиглана гэж байгаа. Гэтэл хажууд нь газар олгочихсон байгаа. Барилгын материалд үнс ашиглах журам бий. Суурь бүтээцэд ашигладаг болохоос бусад материалд ашигладаггүй гэдэг. Замын доор ч юм уу, суурь бүтээцэд ашигладаг болохоос барилгын материалд ашиглаж болдоггүй.

Үнс барих хуурай арга байдаг. Тэрийг ашигламаар байгаа юм. Үйлдвэр бариад, энэ үнсийг ашиглах бол хуурай арга нь өртөг багатай. Нойтон аргаар хатаасан үнсийг дахиж хатаахаар үйлдвэрлэлийн зардал нь нэмэгддэг.

Одоо байгаа үнсэн санд усан хөшиг татмаар юм байна, байгаль орчныхоон! Зүгээр булаад байж болохгүй шүү дээ. Тийм юмаар барьж авахгүй бол хэдэн удаа шуурахыг мэдэхгүй. Үнс бол үнэхээр үндэсний аюулгүй байдалд орж байгаа шүү!

Б.АЗЖАРГАЛ: АЙЛУУД ӨӨРСДӨӨ ҮНСЭН ДАЛАНГИЙН ХАЖУУД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БУУСАН

Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал:

-Өмнө нь ийм асуудал гарч байсан. Үнсэн далан дүүрэхээрээ агаарт хийсдэг асуудал удаа дараа давтагдсан. Тухайн үед станц чийгшүүлдэг байсан. Цаашдаа яах вэ гэхээр 2 арга бий.

1-рт, үнсэн далангийн хажууд үйлдвэр барихаар газар төлөвлөж байгаа. Станцаас гарсан үнсийг ашиглах саналыг аж ахуйн нэгжүүдэд бид өнгөрсөн онд нээлттэй зарласан. Хэрэв үүнийг ашиглах аж ахуйн нэгж байвал бид газар өгөөд, үнсийг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судалж байна.

2-рт, төмөрлөгийн үйлдвэрийнхэнтэй Дархан сумынхан ярилцаж байгаа. Төмөрлөгийн үйлдвэрийн ашиглаад дуусаж буй цооногт үнс булшлах асуудлыг ч ярилцаж байна.

3-рт, Уужимбулагийн айлууд анхнаасаа зөвшөөрөлгүй буусан. Одоо ч зөвшөөрөлгүй. Үнсэн далангийн хажууд, онцгой бүсийн хамгаалалтын зурваст буучихсан айлууд. Бас төмөр замын хамгаалалтын бүс. Өөрсдөө дураараа ирээд буучихсан, малтай айлууд. Тэглээ гээд өнөөдрийг хүртэл хөөж тууж, нүүх шаардлага тавиагүй.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *