Ерөнхий сайд Н.Учрал амаараа нэг зүйл ярьж, гараараа өөр зүйл хийж явна. Ж.Баярмаа гишүүний “Та яг юун дээр эвлэрчихэв ээ. Танай эвлэрэл юун дээр явагдчихав аа. Гэмт хэрэг наймаалцчихсан юм биш биз дээ?” гэсэн асуултад “Би гэмт хэрэгтэй эвлэрэхгүй. Авлигатай тэмцэх ажлыг манлайлан хийнэ” хэмээн чуулганы танхимд хариулж зогссон тэр авлигын гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй 2 хүнд 2 өөр хандлаа. МАН-ын 30:38 болж хуваагдсан гишүүд юун дээр эвлэрснийг энэ 2 хүний жишээнээс харж болохоор байна. “Би гэмт хэрэг
Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтоход холбогдох эрүүгийн хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт хүргүүлээд байна. Үүнтэй холбогдуулан Н.Учралын Засгийн газар 4-р сарын 8-нд хуралдахдаа ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг ажлаас нь чөлөөлж, оронд нь М.Баярмагнайг томилсон юм. М.Баярмагнай тэр даруй ажлаа хүлээн авчээ. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны А/99 дүгээр тушаалаар М.Баярмагнайг ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон аж.
М.Баярмагнай, Б.Насантогтох хоёр хоёулаа хууль хяналтын байгууллагаар шалгуулж яваа. Хоёул 2016-2018 онд ЭХЯ-нд хамт ажиллаж байв. М.Баярмагнай Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, Б.Насантогтох Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга байв.
Н.Учрал авлига, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй 2 хүнд 2 өөр хандлаа
М.Баярмагнайд холбогдох хэргийг шүүх хэдэн жил шат дамнуулан хэлэлцэж буй ч эцэслэн шийдэж чадсангүй. Эргэж буцсаар эхнээс нь дахин хэлэлцэхээр болоод буй. Гэсэн ч М.Баярмагнайг Сангийн сайд Б.Жавхлан 2025.12.23-нд Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бол одоо Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан түүнийг ЗТЯ-нд авчирч, төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болголоо. 2020 онд М.Баярмагнайд ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын тамга гардуулж явсан М.Баярмагнай одоо уг тамгыг өөрөө атгалаа.
Тэгвэл Б.Насантогтохын хэрэг шүүхэд очоогүй, прокурорын шатанд яваа. Гэсэн ч түүнийг ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөллөө.
Б.Насантогтохын хэргийг прокурор хянаж байна
Б.Насантогтох Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа “М Си Эс интернэйшнл” ХХК-ийн Баянхонгор аймгийн Шинэжинст суманд барьсан цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг хүсэлт ирүүлсэн өдөр нь баталсан байдаг. Тэрээр эхнэр Ч.Ариунтунгалагийнхаа үүсгэн байгуулсан “Эн Ар Жи хөгжил” ХХК-тай ган голтой хөнгөнцагаан дамжуулагч утас нийлүүлэх 5,5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээ байгуулсан гэх хэрэгт холбогдсон. Энэ хэргээр АТГ түүнийг цагдан хорьж, мөрдөн шалгасан юм. Түүнийг “М Си Эс Интернэйшнл” ХХК-д техникийн нөхцөл олгохдоо холбогдох журмыг зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон гэж АТГ буруутгасан. Мөн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс 281 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 100 сая төгрөг, 30 мянган ам.долларын хахууль авсан хэрэгт сэжиглэгдсэн юм.
Түүний эхнэр Ч.Ариунтунгалагийн дүү Ч.Амгалантөгс, Ч.Амгалантөгсийн нөхөр Г.Баатар нарыг нэ хэрэгт хамт шалгаж байгаа. Тэднийг уг хэрэгт хамжигчаар оролцсон, мөнгө угаасан хэрэгт буруутгажээ. Б.Насантогтохын эхнэр Ч.Ариунтунгалаг 2015 онд “Эн Ар Жи хөгжил” ХХК байгуулж, “Эрдэнэт үйлдвэр”-т уян зэс голтой дамжуулагч кабель нийлүүлэх 2.9 тэрбум төгрөгийн тендерт ороод, хасагдаж байжээ.
Түүний хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгджээ. 3,4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 4 үл хөдлөх хөрөнгө, 2 тээврийн хэрэгсэл болон 80 мянган ам.доллароор хөрөнгө, орлого нь нэмэгдсэн аж. Б.Насантогтох үүнийгээ АТГ-т хууль ёсных гэж тайлбарлаж, нотолж чадаагүй аж. Түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болохыг АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон байна.
М.Баярмагнай, Б.Насантогтох хоёр хоёулаа хууль хяналтын байгууллагаар шалгуулж яваа. Хоёул 2016-2018 онд ЭХЯ-нд хамт ажиллаж байв
АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад 6,9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 635.7 сая төгрөгийн үнэлгээтэй 3 тээврийн хэрэгслийг нь битүүмжлэн, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ. Уг хэрэгт 7 хүн, 1 хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгасан байна. Тэд гэмт хэргийн шинжтэй 10 үйлдэлдээ 3,7 тэрбум төгрөг үндэслэлгүйгээр олж авч хөрөнгөжсөнийг тогтоожээ. Түүнчлэн 53 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 47 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 65 лавлагаа, арилжааны банкнаас 35 дансны хуулга гаргуулан авч, санхүүгийн мөрдөгчөөр магадлагаа гаргуулсан байна.
Б.Насантогтох 1998 оноос “Чойбалсангийн дулааны цахилгаан станц” ТӨҮГ-т машинист, мастер, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д цехийн дарга, төслийн инженер, гүйцэтгэх захирал, “Монголын эрчим хүчний холбоо” ТББ-д зөвлөх инженер, 2016-2020 онд ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байв. У.Хүрэлсүхийн ЗГ 2020.08.12-нд түүнийг ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар тавьсан бол Г.Занданшатарын ЗГ 2025.09.24-нд түүнийг ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар томилсон түүхтэй. Одоо Н.Учралын ЗГ түүнийг чөлөөллөө.
М.Баярмагнайгийн шүүхийн асуудал дуусаагүй
М.Баярмагнай одоогоор шүүхийн асуудалтай байгаа. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026.03.10-нд Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцээд, Ш.Бүтэд, Х.Бат-Эрдэнэ, Э.Эрдэнэбилэг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат, Б.Даажамба, М.Баярмагнай, Г.Батдорж нарт холбогдох хэргийн гэм бурууг дахин дэнслүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажилласан байсан Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, Н.Баярчимэг, О.Хуягцогт, Д.Даваасамбуу, Б.Махбал нарт холбогдох хэргийг цагаатгасныг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор тухайн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Даажамба, М.Баярмагнай нарыг тусгаарлан гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож, хамтад нь дахин хянан хэлэлцүүлэхээр болсон.
2020 онд М.Баярмагнайд ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын тамга гардуулж явсан М.Баярмагнай одоо уг тамгыг өөрөө атгалаа
1972 онд Баянхонгорт төрсөн М.Баярмагнайг Г.Занданшатар Гадаад харилцааны сайд байхдаа Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн захирлаар авчирч, дараа нь ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар тавиулжээ. Ингээд 2012 онд Г.Занданшатар УИХ-ын сонгуульд ялагдаж, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд очоод, М.Баярмагнайг Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга болгожээ.
2016 онд Г.Занданшатарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсоноор М.Баярмагнай ЭХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга болсон байна. Энэ үед нь У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018.04.30-нд 112 дугаар тогтоол гаргаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 4 хүн томилсны 1 нь ЭХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Баярмагнай байв. Тус банкны ТУЗ 2018.05.02-нд даргаараа М.Баярмагнайг сонгосон байдаг. Энд ажиллах хугацаандаа тэр Хөгжлийн банкны гэх тодотголтой, 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэрэгт холбогдсон түүхтэй.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 онд Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын даргын албан тушаалд тавимагц М.Баярмагнай БОАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга болов. Г.Занданшатар УИХ-ын даргын суудалд тухалсныхаа дараа түүнийг ЗГХЭГ-ын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр тавиад, удалгүй ЗГХЭГ-ын дэд дарга болгож дэвшүүлсэн байна. Тэгээд 2025 онд Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, дараа нь СЯ-ны, одоо ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга болголоо.
