Манай улс ирэх 8 дугаар сарын 17-28-ны хооронд НҮБ-ын гишүүн улс орнууд, харьяа байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон хөрөнгө оруулагчдыг хүлээн авна. Гаднын хөрөнгө оруулалт татах, инновац, олон улсын түншлэлийг хөгжүүлэх зэрэг томоохон ач холбогдолтой Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг манай улс эх орондоо зохион байгуулахаар болсон. Хурлын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах Үндэсний хорооны ээлжит хуралд Ерөнхий сайд оролцож, төсөв санхүү нь эхнээсээ олон нийтэд нээлттэй ил тод байх ёстойг санууллаа.
Ойролцоогоор 8-10 мянган төлөөлөгч хүрэлцэн ирэх тооцоо гарсан юм. COP17 бага хуралд оролцох зочдоо нисэх онгоцны буудлаас угтан авахаас эхлээд байрлах зочид буудал, үзвэр үйлчилгээ зэргийг хүндрэл чирэгдэлгүй, стандартад нийцүүлэхэд Үндэсний хороо анхаарч ажиллаж байна. Хурлын бэлтгэл ажил 56 орчим хувьтай үргэлжилж байгаа юм.

Манай улсын өмнө тулгамдаж буй газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг дэлхийн түвшинд гаргаж тавих, бодит шийдэлд чиглэсэн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал боломж бол COP 17 бага хурал гэж албаны хүмүүс харж байна. Тиймээс төрийн бүх институц анхаарлаа хандуулах шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд илэрхийлсэн юм. Энэ лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар албан даалгавар гаргаж, хурлын бэлтгэл ажлын тулгамдаж буй асуудлуудыг цаг тухай бүрт нь шийдвэрлэхээр болжээ.
