Ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй, урьдчилгаа төлбөр бүрдүүлэх боломжгүй иргэдэд зориулсан түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлж байгаа. Эхний хэсэг нь 7-р сард ашиглалтад орно. Хан-Уул дүүргийн 21-р хороонд барьж буй “Солонго-1” төсөл 2026 оны 7-р сард ашиглалтад орж, есдүгээр сараас цахимаар сонгон шалгаруулалт явуулахаар төлөвлөөд байна. Уг хороололд 2042 өрхийг хамруулах юм.
Шинэ журмаар түрээсийн үнийг зах зээлээс хямд байхаар тогтоожээ. Өмнө нь Улаанбаатар хотод төрийн түрээсийн орон сууцны 1 м² талбайн үнэ 6000 төгрөг байсан бол шинэ журмаар 11.000–15.000 төгрөг болж нэмэгдсэн.
Өмнөх жилүүдэд түрээслээд өмчлөх гэрээ байгуулсан иргэд урьдчилгаа төлбөрөө удаан хугацаанд бүрдүүлдэг асуудал гарч байсан. Үүнийг зохицуулахын тулд шинэ журмаар 5 жилийн хугацаатай хязгаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл, иргэн таван жилийн дотор урьдчилгаагаа бүрдүүлэх ёстой. Хэрэв энэ хугацаанд амжихгүй бол дараагийн иргэнд боломж шилжих зохицуулалт хэрэгжинэ.
Тэгвэл Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Б.Бат-Амгалан “Бид “Солонго-1, 2” хорооллыг ахмадуудад түрээслээд өмчлүүлэхдээ нас, асран хамгаалагчгүй гэх мэт хүндрэлтэй байдлыг харж үзэн, сонгон шалгаруулалт хийнэ.

Энэ онд 2500 айлын “Солонго-1” ашиглалтад орох бол 2027 онд “Солонго-2” хорооллыг ашиглалтад оруулна” гэлээ.
ТОСК-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ж.Энхбаатар “Солонго-1, 2” хороололд орох иргэдийн сонгон шалгаруулалтын бүртгэлийг эхлүүлсэн. Сонгон шалгаруулалтыг 100 хувь цахимаар явуулна. “Хур” системээр дамжуулж ТОСК тухайн хүний мэдээллийг татаж авна. Хэрэв орон сууцтай байсан болон амины орон сууцтай иргэн түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах боломжгүй. Харин гэр хорооллоос түрээсийн орон сууцанд орж байгаа тохиолдолд оноогоор урамшуулна.
ТОСК-д одоогоор “Солонго-1, 2” хороололд түрээсээр орох сонгон шалгаруулалттай холбоотойгоор албан болон төрийн бус байгууллагуудаас албан тоот ирж байгаа. Тэгэхээр бид ийм байдлаар ямар нэгэн байгууллагуудад давуу байдал олгохгүй. Мөн ахмадууд өргөдөл бариад ирж байгаа. “Солонго 1, 2” хорооллыг түрээслэх, түрээслээд өмчлөх гэсэн зарчмаар иргэдэд олгоно. Түрээслэх иргэдээс бид төлбөрийг 3 сараар авах бол түрээслээд өмчлөх зорилготой хүмүүс хамгийн багадаа нэг жил түрээслэх ёстой. Бид ойрын хугацаанд 20 мянга гаруй айлын түрээсийн орон сууц ашиглалтад оруулна. Одоогоор ТОСК-д 1520 орчим орон сууц бий. Үүний 900 нь түрээсээр эзэмших гэрээтэй” гэсэн юм.
Шинэ журмаар дараах тодорхой бүлгүүдэд квот олгож буй.
Үүнд:
- Төрийн үйлчилгээний ажилтан (эмч, багш) – 25%
- Төрийн албан хаагч – 15%
- Ахмад настан – 18%
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн – 10%
Мөн залуу гэр бүл, олон хүүхэдтэй болон өрх толгойлсон гэр бүлүүдийг хамруулах зохицуулалтыг тусгажээ.
