Төрийн нууцын жагсаалтыг ил болгох нь үе үеийн эрх мэдэлтэй улстөрчдийн гол пи ар болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Төрийн нууцын тухай хуулийг өөрчлөх төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барилаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Х.Тэмүүжин, Г.Хосбаяр, Ө.Шижир нар төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.
Монгол Улсад 1995 онд Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль батлагдсанаар төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон харилцааг анх удаа хуулиар зохицуулж, төрийн нууцыг хамгаалах тогтолцоо, эрх зүйн үндсийг тавьсан түүх бий. Улмаар 2016 оны арванхоёрдугаар сард Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг тус тус хүчингүй болгож, Төрийн болон албаны нууцын тухай хуулийг баталсан байдаг.

Төрийн болон албаны нууцын тухай хууль урьд хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиас ялгагдах зарчмын шинжтэй харилцаа нь албаны нууц гэх ойлголтыг оруулж ирсэн, түүнчлэн Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг хуулиар бус Засгийн газрын тогтоолоор баталж байхаар өөрчлөлт орсон байдаг.
Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг хуулиар бус Засгийн газрын тогтоолоор баталдаг болсон нь хэлбэрийн хувьд Үндсэн хуульд нийцэхгүй байгаагаас гадна мэдээллийг төрийн нууцад хамааруулах шалгуур, босго “намсаж”, үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын хяналт байхгүй болсон хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Үүний улмаас Засгийн газар нь мэдээллийг төрийн нууцад авахдаа Улсын Их Хурлын хяналтгүй, дур зоргоор шийдвэрлэх нөхцөл бүрдсэн хэмээн төслийг санаачлагч гишүүд тайлбарлаж буй. Үүнийг дагаад иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрх хязгаарлагдаж, Засгийн газар хууль бус үйлдлээ нууцлах эрх зүйн үндэс бий болсон хэмээн үзсэн байна.
Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн дагуу төрийн нууцад хамааруулж байсан мэдээлэл 60 орчим байсан бол Засгийн газрын тогтоолоор төрийн нууцад авсан мэдээллийн тоо давхацаагүй тоогоор 400 гаран болж, даруй долоо дахин нэмэгдсэн байна. Үүнээс гадна “албаны нууц” гэх ойлголтын хүрээнд төрийн байгууллага нь “төрийн байгууллагын нууц” гэсэн ойлголтыг дотооддоо бүрдүүлэх болсон. Тодруулбал, төрийн байгууллага бүр мэдээллээ нууцалдаг болсон нь нууцын талаарх ойлголтыг “хавтгайруулж”, иргэдийн мэдээлэл авах эрхийг боогдуулж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд саад болох болжээ.
Иймд Төрийн нууцын тухай хуулийн төсөл санаачилж, Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг Засгийн газар бус Улсын Их Хурал баталдаг байх; албаны нууц гэсэн ойлголтыг халах гэсэн зарчмын хоёр асуудлыг шийдвэрлэхээр тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
