Улстөрч, нягтлан, дипломатч Элчин сайд нар


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдаар томилуулах 21 хүний нэрийг 2025.12.15-нд Засгийн газарт танилцуулж, дэмжүүлсэн. 2025.12.15-нд УИХ-д өргөн барьж, гишүүдийн 74.5% нь дэмжсэн юм. Элчин сайдад нэр дэвшиж буй 21 хүний 7 нь эмэгтэй байв. 

23 Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дуусаж, ээлж солилцож буй нь энэ. Тэднээс АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, Бельгийн вант улсад суугаа Элчин сайд Лу.Болд нарын оронд томилох хүний нэрийг Ерөнхийлөгч ЗГ, УИХ-д оруулж ирээгүй.

Мэргэжлийн дипломатчдыг Элчин сайдаар томилох ёстой эрх баригч намын зүтгэлтнүүд, тэтгэвэрт гарсан улстөрчдийг манай Ерөнхийлөгч алтан аргамж болгон илгээдэг. Гэвч тэр аргамж нь чанаргүй, шаардлага хангахгүй байх нь бий. Энэ удаад Ерөнхийлөгч 21 хүнийхээ 13-т нь жуух бичиг гардууллаа. Тэдний 5 нь эмэгтэй, 8 нь эрэгтэй. Элчин сайдуудын хэд нь алтан аргамж болж чадахыг цаг хугацаа харуулна.

  • Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсайханы Болормаа. Дипломат албанд 19 жил ажилласан туршлагатай. Герман, англи, орос, франц хэлний мэдлэгтэй. 2022 оноос хойш Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллажээ.
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Даваахүүгийн Баттөр. Ч.Улааныг Сангийн сайд байхад Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Франц, англи, орос хэлтэй. 2015-2017 онд Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байжээ. МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2020 онд 58 тэрбум, 2021 оны эхний хагас жилд 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээн, МИАТ-ын үйл ажиллагааг зогсоох хэмжээнд хүргэсэн гэгдэж, ажлаасаа чөлөөлөгдсөн.. 2022 оноос ГХЯ-ны Европ, Африкийн газарт зөвлөхөөр ажиллаж байв.
  • Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жагдагийн Оюунбаатар. Герман Улсад суугаа Элчин сайд Б.Мандахбилэгийг эгүүлэн татаж, түүнийг оронд нь илгээлээ. “Цагаан шонхор” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад, 2012-2016 онд Хэнтий аймгийн засаг даргаар сонгогдсон. 2021-2025 онд БНСУ-д суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллажээ. Герман, орос, англи хэлтэй.
  • Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганболдын Уянга. Тэр Турк улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаярын гэргий. Нийслэлийн засаг дарга асан Г.Мөнхбаярыг 2021 оны 6-р сард Турк улсад суух Элчин сайдаар томилсон юм. Г.Мөнхбаярын бүрэн эрхийн хугацаа дуусаж буй тул эхнэрийг нь Элчин сайд болгож буй аж. Г.Уянгын аав М.Ганболд нь ЦЕГ-ын даргаар ажиллаж байгаад, БНАСАУ-д Элчин сайдаар суусан юм. М.Ганболдыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүн гэдэг. Аав, нөхөр 2 нь Элчин сайд байсан бол одоо Г.Уянга өөрөө Элчин сайд боллоо.  
  • Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямцэрэнгийн Энхтайван.  УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байгаад У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход, Гадаад харилцааны сайдын суудалд очсон. Англи, хятад хэлний мэдлэгтэй.
  • Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэндийн Мөнх-Оргил. Хууль зүйн сайд, Гадаад харилцааны сайд асан тэрээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшилгүй, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ахлах зөвлөхөөр томилогдсон.
  • Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржраагийн Мөнхтөр. ТэрАвстри улсад суугаа Элчин сайд М.Цэнгэгийн оронд очно. Герман, англи, орос хэлний мэдлэгтэй. 2019-2023 онд Герман улсад суугаа ЭСЯ-нд хоёрдугаар нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх, 2023 оноос ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байв.
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганбаатарын Хулан. Элчин сайд Ж.Сэрээжавын оронд тэр очиж байна. Англи, солонгос, орос хэлний мэдлэгтэй. 2007 оноос ГХЯ-нд ажиллаж эхлээд, 2018-2022 онд Ази, Номхон далайн орнуудын газарт зөвлөх, дэд захирал, 2022 оноос Азийн газрын захирлаар ажиллаж байжээ.
  • Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доньжчимбуугийн Бямбадорж. ТэрЕгипет улсад суугаа Элчин сайд Э.Булгантай ажлаа хүлээлцэнэ. Д.Бямбодорж 2014-2015 онд ГХЯ-ны Ёслолын газрын дарга, 2015-2018 онд БНСУ-ын Пусан хотод суух Консул, 2018-2021 онд ГХЯ-ны Консулын газарт зөвлөх, 2022 оноос ГХЯ-ны Бодлогын газрын дэд захирлаар ажиллаж байв.
  • Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дансрангийн Булган. 1999 оноос БНХАУ-д суугаа ЭСЯ-нд ажиллаж эхлээд, 2017-2021 онд тус яаманд Элчин зөвлөх, 2021-2024 онд ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дэд захирал, захирал, 2024 оноос Төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлагын газрын захирлаар ажиллажээ.
  • Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гунаажавын Батжаргал. Одоо Казахстанд суугаа Элчин сайд Д.Баярхүүг эргүүлэн татаж, түүнийг оронд нь илгээлээ. Орос, англи хэлний мэдлэгтэй. 1990-ээд оноос ГХЯ-нд ажиллаж буй тэрээр 2006-2008 онд ГХЯ-ны газрын захирал, 2013-2017 онд Австри улсад суух Элчин сайд, байнгын төлөөлөгч, 2018-2024 онд “Бадрах-Энержи” ХХК-ийн дэд захирал, 2025 оноос Ерөнхий сайд Г.Занданшатарын гадаад бодлогын зөвлөхөөр ажиллажээ. Г.Батжаргал 2 охинтой. АИХ-ын дарга, УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожавын хүргэн.
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэмчигийн Тэгшжаргал. Киргизэд суугаа Элчин сайд Содномын Ганхуягийг эгүүлэн татаж, түүнийг оронд нь томиллоо.Герман, орос, англи хэлний мэдлэгтэй. 2000 оноос ГХЯ-нд мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн байна. 2021-2022 онд тус яамны Дипломат ёслолын газарт зөвлөх, 2024 оноос хойш Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллажээ.
  • Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Лхагвасүрэн. Турк улсаас Элчин сайд Г.Мөнхбаярыг эгүүлэн татаж, түүнийг тийш илгээлээ. Англи, орос хэлний мэдлэгтэй. 1994-2001 онд СЭЗДС-д ахлах багш, 1998-2005 онд Азийн хөгжлийн банкны Төрийн захиргааны шинэчлэлийн хөтөлбөрийн Төрийн санхүүгийн удирдлагын мэргэжилтэн, 2005-2012 онд Дэлхийн банканд Санхүүгийн удирдлагын мэргэжилтэн, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, Дэлхийн банканд Монгол Улс, БНХАУ хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгч, 2012-2013 онд “Монцемент” төслийн санхүү эрхэлсэн захирал, 2013-2016 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, эдийн засгийн газрын захирал, санхүү эрхэлсэн захирал, 2016-2018 онд Олон Улсын Санхүүгийн Корпорацад зөвлөхөөр ажиллаж байгаад,, 2016 онд “Сэцэн билгүүн консалтинг” ХХК байгуулжээ. 2021 оноос Гадаад харилцааны сайдын худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх, 2023 оноос “Тэнгэр капитал ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *