Мопедтой хүүхэд машины толь мөргөжээ


Улаанбаатар хотод скүүтер, мопед, цахилгаан дугуй унасан иргэнийг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 4-р сарын 10-наас мөрдөгдөж эхэлсэн. 16 насанд хүрээгүй хүүхдэдээ скүүтер, мопед унуулахгүй байхыг эцэг эх, асран хамгаалагч нарт анхааруулсан юм. Хэрэв 16 насанд хүрээгүй хүүхэд скүүтер, мопед унавал Зөрчлийн тухай хуулийн дагуу эцэг эхийг нь 100 мянган төгрөгөөр торгоно.

Сүүлийн жилүүдэд цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээ огцом нэмэгдсэнтэй холбоотой зам тээврийн осол, гэмтлийн тоо өссөн гэдгийг албаныхан мэдээлж буй. 2024 онд 300 гаруй, 2025 онд 2820 хүн цахилгаан моторт дугуй, мопед, суррон, скүүтер унаснаас болж гэмтжээ.

16 насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унуулахгүй байх зохицуулалт хийсэн ч хяналт байхгүй байгааг иргэд шүүмжилж байна. Хяналтгүйгээс 16 нас хүрээгүй хүүхэд түрээсийн мопед унаж яваад, осолд өртөх эрсдэл гарч байгаа аж. Олон нийтийн сүлжээнд нэгэн иргэн “XI хороололд орчимд төв зам руу нийлэх гээд замын хөдөлгөөнд оролцоод явж байтал 11-12 настай, мопед унасан хүү гэнэт гарч ирээд, толь мөргөчихлөө. Ямар ч хамгаалах малгай, өвдгөвч байхгүй. Насанд хүрээгүй хүүхдэд мопед унуулахаа болимоор байна. Явган хүн мөргүүлсэн бол хүчтэй юм. Би маш зөөлөн явж байсан учраас гайгүй өнгөрлөө. Энэ чинь мотортой техник. Монгол шиг насанд хүрээгүй хүүхдэд моторт техник унуулдаг өөр улс байхгүй. Хүүхдэд хайргүй улс юм” хэмээн бичжээ.

Суррон, мопед, скүүтер зэрэг хэрэгсэл унаж яваад, осолд өртсөн хүмүүсийн судалгаанаас үзэхэд 40 гаруй хувь нь хамгаалалтын хэрэгсэлгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй өсвөр насныхан байжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *