Экологийн клүбүүд 1000 мод тарилаа


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Байгаль орчны газар, Боловсролын газар, БНСУ-ын “One Happy” төрийн бус байгууллага, “Миг даатгал” болон Даланзадгад сумын 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар сургуулийн экологийн клүбүүд хамтран Даланзадгадад “Хайрын төгөл” байгуулах “Модны доктор” төслийг эхлүүллээ. Энэ төсөл 3 жилийн хугацаанд хэрэгжинэ. Модыг тарьж орхих бус, суулгасан модныхоо ургалт, хөгжлийг тогтмол ажиглаж, тэмдэглэл хөтөлж, хамтдаа арчилж ургуулахад чиглэж буйгаараа онцлогтой. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгох, сурагч бүрийг модтой болгох, улмаар анги, сургуулиудыг ойн төгөлтэй болгох зорилготой юм.

БНСУ-ын “One Happy” ТББ-ын санхүүжилттэй хэрэгжиж буй уг төслийн хүрээнд энэ удаад 7 сургуулийн 250 сурагч 1000 мод тарилаа. Төсөл нь дунд ангийн сурагчдын дунд хэрэгжих бөгөөд хүүхдүүд өөрсдийн тарьсан модоо ургуулж, ажиглалт судалгаа хийж, үр дүнгээ танилцуулан “доктор” цолоо хамгаалах хэлбэрээр үргэлжлэх юм. Мөн орон нутагт анх удаа Өмнөговь аймагт хэрэгжиж байгаагаараа онцлогтой.

Хүүхэд багачуудад багаас нь экологийн боловсрол олгох, байгаль хамгаалах зөв дадал хэвшүүлэх, мод тарьж ургуулах соёлыг түгээн дэлгэрүүлэхэд энэхүү төсөл бодит хувь нэмэр оруулах юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *