Барилгын гадна фасад, гэрлэн дохиог дрон ашиглан угааж байна


 Нийслэлийн хэмжээнд хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг 3-р сарын 20-ноос эхлүүлж, нийт 305 тонн хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэсэн.

Энэ хүрээнд цэвэрлэгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор шинэ техник, технологийг нэвтрүүлж, тусгай зориулалтын төхөөрөмжөөр барилгын гадна фасад, гэрлэн дохио зэргийг угааж эхэллээ.

Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Ц.Очироо мэдээлэл өглөө.

“Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг гуравдугаар сарын 20-ноос эхлэн зохион байгуулж байна. Эхний ээлжид зам, талбайн цэвэрлэгээ хариуцсан 46 байгууллага өөрсдийн хариуцсан бүсэд хур хог, автобусны буудлын сандал, хогийн сав зэргийг угааж цэвэрлэсэн. Түүнчлэн Баянзүрхийн товчооноос Сонсголонгийн гүүр хүртэлх Туул гол дагуух 21.4 км урт, 50 га талбайг цэвэрлэсэн. Энэ ажилд 46 байгууллагын 720 ажилтан, мөн иргэдийн бүлгийн 88 ажилтан оролцсон. Бүх нийтийн их цэвэрлэгээ эхэлснээс хойш 305 тонн хог хаягдлыг цэвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргээд байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 80 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 10 мянга нь л бүх нийтийн их цэвэрлэгээнд хамрагдсан. Өөрөөр хэлбэл нийт аж ахуйн нэгжийн 13 хувь оролцсон. Иймд иргэд, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хогоо биш, соёлоо үлдээе” нөлөөллийн аяныг зохион байгуулж байна. Мөн шинэ техник, технологийг нэвтрүүлж, DJI Matrice 400 төрлийн дроныг ашиглан барилгын гадна фасад, замын гэрлэн дохио зэрэг өндөрт байрлах хэсгүүдийг өнөөдрөөс угааж эхлээд байна. Уг дрон нь тусгай даралтат ус шүршигч төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд өндөрт аюулгүй, үр ашигтай цэвэрлэгээ хийх боломжийг бүрдүүлж байна” гэв.

“Хоббизоон” ХХК-ийн Ерөнхий менежер Б. Мөнхсүлд“Барилгын гадна фасад, замын гэрлэн дохио зэрэг өндөрт байрлах хэсгийг угаахад ашиглаж буй DJI Matrice 400 дрон нь 6 кг хүртэлх даацтай. Энэхүү дрон нь нэг цагт 800 ам метр хүртэлх талбайг цэвэрлэх хүчин чадалтай буюу таван хүний нэг өдөрт хийх ажлыг ойролцоогоор хоёр цагийн дотор гүйцэтгэх боломжтой. Мөн холболтын шланкны уртаас шалтгаалан 50-100 метрийн өндөрт ажиллах боломжтой” гэлээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *