Монголоос аяллын визийг  БНХАУ, БНЭУ, БНСУ-ын иргэд түгээмэл хүсдэг


Монгол Улсыг зорин ирэх жуулчдын цувааг нэмэгдүүлэх, тэдэнд тулгарч буй виз, бүртгэлийн хүндрэлийг арилгах зорилгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Гадаадын иргэн, харьяатын газартай хамтарсан уулзалт хийлээ. Энэ хүрээнд гадаадын иргэнд виз олгох шат дамжлагыг цөөрүүлэн, цахимжуулж байна.

Тодруулбал, 2021 оноос хойш нэг сая 399 мянга гаруй иргэнд цахимаар үйлчилжээ. 2021 онд дөрвөн ангиллын визийг цахимаар олгож байсан бол 2024 онд энэ тоо 54 болж нэмэгдсэн байна. Аяллын цахим виз мэдүүлэгчийн тоо 2022 онд 7,798 байсан нь 2024 онд 93,789 болж, 12 дахин нэмэгдсэн бөгөөд монгол руу аяллын цахим визийг БНХАУ, БНЭУ, БНСУ, Тайванийн иргэд хамгийн их мэдүүлжээ.

Одоогоор 136 улсын 32,983 иргэн Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байгаагийн 46.5 хувийг хөдөлмөр эрхлэгчид эзэлж байна. Цаашид eimmigration.mn, isf.mn системийг боловсронгуй болгож, “Ухаалаг виз” системийг дэлхийн жишигт хүргэхээр зорьж байгааг ССАЖЗЯ, ГИХГ-ын удирдлагууд уулзах үеэрээ тэмдэглэжээ. Уулзалтаар монгол орныг зорин ирэх жуулчдын тоог нэмэхийн тулд виз, бүртгэлийн бэрхшээлийг арилгах, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцсэнийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *