Тухайн газарт байнга оршин суудаг хүн засаг даргад нэр дэвшинэ


Д аймгийн Ш сумын Д багийн Иргэдийн нийтийн хурлаас гаргасан “М-ийг багийн засаг даргад томилуулахаар уламжлах тухай” тогтоол илт хууль бус болохыг тогтоолгох, мөн уг тогтоолыг үндэслэн гарсан Ш сумын засаг даргын “М-ийг багийн засаг даргаар томилох тухай” захирамж болон “Б-г засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулахаар иргэн Б шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Д багийн засаг даргад нэр дэвшигчийг тодруулахаар хуралдсан багийн Иргэдийн Нийтийн Хуралд нийт 232 иргэн оролцож, Б 107 санал, нэр дэвшигч М 109 санал авсан байна. Иймд М-ийг багийн засаг даргад томилуулахаар Ш сумын засаг даргад уламжилжээ. Гэвч тус хуралд тухайн багийн оршин суугч биш 2 иргэн оролцож, санал өгсөн аж. Мөн нэр дэвшигч М өөр багийн оршин суугч юм байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх “… иргэдийн Нийтийн Хуралд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй төдийгүй биеэр хүрэлцэн ирснээр асуудлыг шийдвэрлэхэд таслах эрхтэйгээр оролцохоор хуульчилсан байна. Гэтэл Д багийн хуралд өөр багийн иргэд оролцсон нь сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлсөн байх тул  иргэн М-г багийн засаг даргаар томилуулахаар уламжилсан хурлын тогтоол нь илт хууль бус байна. Багийн засаг даргад нэр дэвшигч нь хуульд зааснаар “Бүрэн дундаас дээш боловсролтой, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, ялгүй байх” гэсэн 4 шаардлагыг хангах ёстой. Харин “Заавал тухайн багийн сонгуулийн эрх бүхий иргэн байх”-ыг хуулиар шаардаагүй тул иргэн М нэр дэвших эрхтэй…” гэж дүгнэжээ.

УДШ хоёр шатны шүүхийн шийдэл зөв боловч, зарим хууль зүйн дүгнэлтийг залруулах нь зүйтэй гэж үзсэн. Тодруулбал, хэдийгээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд засаг даргад нэр дэвшигч нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугч сонгуулийн эрх бүхий иргэн байхыг тухайлан заагаагүй ч, уг хуулийн агуулга, зорилгоос үзвэл, “Засаг дарга (нэр дэвшигч) нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суух иргэн байна” гэж тайлбарлахаар байна. 

Учир нь засаг дарга нь орон нутаг дахь төрийн удирдлагыг хэрэгжүүлэгчийн хувьд харьяалах нутаг дэвсгэрийн иргэдэд өдөр тутамд төрийн үйлчилгээ хүргэх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд засаг дарга өөрийн орон нутаг, иргэд, тэдэнд тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замыг бусдаас илүү мэддэг, орон нутгийнхаа иргэдийн итгэлийг хүлээсэн, тэднийг төлөөлөх чадвартай иргэн байх хэрэгтэй. Мөн хурлын шийдвэр болон төрийн үйлчилгээг өдөр тутамд хэрэгжүүлэх боломжтой байхын тулд тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн (энэ тохиолдолд тухайн багийн) оршин суугч байх зайлшгүй шаардлагатай юм.

Ийм учраас хууль тогтоогчоос орон нутгийн анхан шатны нэгжүүдэд, тухайлбал, засаг даргад нэр дэвшигчийн болзол хангах хүн багт хангалттай байдаггүй бодит нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуулийн (Шинэчилсэн найруулга) 56 дугаар зүйлийн 56.4.1 дэх хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар “… багийн засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой” иргэн нэр дэвшиж болохоор өөрчилсөн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *