Татвар төлөгч 28,879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ буцаан олголоо


Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлөгч иргэн анх удаа амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авсан, амины орон сууц барьсан, дотоод болон гадаадын их дээд сургуульд сурч байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн бол татварын хөнгөлөлтөд хамрагдаж, төлсөн татвараа буцааж авдаг.

2025 оны хөнгөлөлт буцаан олголтыг иргэдийн дансанд энэ сарын 20-ноос шилжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр шилжүүлж дууслаа. 2025 оны жилийн эцсийн тайлангаар 28,879 татвар төлөгч иргэн 57.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг авахаар тайлангаа ирүүлсэн юм. Тодруулбал, шинээр орон сууц худалдан аваад анх удаа хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж байгаа 7,527 иргэнд 28.5 тэрбум төгрөг, үргэлжлүүлэн хамрагдаж байгаа 10,742 иргэнд 18.5 тэрбум төгрөг, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдаж байгаа 11,397 иргэнд 10.1 тэрбум төгрөг, хуульд заагдсан бусад нөхцөлөөр 12 иргэнд 30 орчим сая төгрөг буцаан олголоо.

Банкны болон татвар төлөгчийн мэдээлэл зөрүүтэйгээс гүйлгээ буцаагдсан иргэдийн мэдээллийг харьяа татварын албаар дамжуулан дахин засварлаж, гүйлгээг ойрын өдрүүдэд хийнэ.

Ташрамд, Хувь хүний орлогын албан татварын орлого нь орон нутгийн төсвийн орлогын томоохон бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нийслэлийн төсвийн орлогын 50 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Жил бүрийн нийслэлийн төсөвт Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод зарцуулах санхүүжилтийн эх үүсвэрийг төсөвлөн, баталдаг. 2026 онд 63.0 тэрбум төгрөгийг татвар төлөгч иргэдэд буцаан олгохоор баталсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *