Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ажиллалаа. Тэрээр иргэдээс ирж буй дуудлага, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, ангилах, шуурхай албадад дамжуулах, шийдвэрлэлтийг хянах үйл явц,техник, технологийн шинэчлэл, ажлын орчин нөхцөлтэй газар дээр нь танилцлаа.
ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн өгсөн мэдээллээр тус төвд өдөрт дунджаар 8500 гаруй, жилд дунджаар 3 сая гаруй дуудлага мэдээлэл бүртгэгддэг. Эдгээр дуудлага мэдээллийн 70 орчим хувь нь хуурамч дуудлага мэдээлэл байдгийг алба хаагчид онцолж байна. Тус төвийн албан хаагчид бүтэц орон тоо дутуу, ачаалалтай ажиллаж байгааг хэллээ.
“Яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэхээр шийдвэрллээ.
Улсын хэмжээнд яаралтай тусламжийн 112 нэгдсэн дугаарлалттай болсноор гэмт хэрэг, зөрчил, гол, үер усны аюул, эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн дуудлагыг ямар ч үед хаанаас ч цаг алдалгүй хүлээн авах, тусламж үзүүлэх боломж бүрдэх юм.
