АТГ-аас Замын-Үүд дэх Гаалийн газрын албан тушаалтнуудад холбогдох асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт “АТГ-аас Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн 3 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тус гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болон гаалийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүд нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглан, бусдаас их хэмжээний хахууль авсан. Ингэхдээ гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй гэсэн үйлдэлд АТГ-ын мөрдөгч нар мөрдөн шалгах ажиллагааг 3 дахь өдрөө хийж байна.
Тэднийг Эрүүгийн хуульд заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын хүрээнд Замын-Үүд дэх Гаалийн газрын 40 гаруй гаалийн улсын байцаагч болон гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүнийг хамруулан, мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 4 этгээдийг саатуулан шалгаж байгаа. Үүнээс 3 этгээдийг яллагдагчаар татсан. Тэдгээр хүмүүсийн мэдээллийг өгөх боломжгүй” гэлээ.
