Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр 09:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдаж эхэллээ. Энэ хурлаар нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатараас албан тушаалыг нь авах магадлалтай. Туулын хурдны зам болон авто замын бродюр, хавтанг солих шаардлагагүй байхад мөнгө үрж сольсон хэмээн олон нийт түүнийг шүүмжилж байгаа. 2024.05.18-нд нийслэлийн МАН-ын хороо Х.Нямбаатарыг даргаараа сонгосон юм.
Нийслэлийн МАН-ын хороо дотооддоо зөрчилтэй байгаа. Нийслэлийн МАН-ын хорооны дарга, нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарын хооронд эрх мэдлийн тэмцэл өрнөж буй. Тэд удаа дараа олон нийтэд хандан мэдэгдэл хийсэн. Э.Бат-Амгалан нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажиллах санал тавибал хүлээж авна гэдгээ илэрхийлээд байгаа. Тэдний хэн нь нийслэлийн МАН-ын хороог удирдахыг шийдэх, хүчний тэнцвэр хаашаа хэлбийхийг шийдэх эгзэгтэй хурал өнөөдөр ийн эхэллээ.
Х.Нямбаатар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас зарцуулах мөнгийг нийслэлийн МАН-ын хороо гаргахаар амласан аж
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстанд айлчлахаас өмнө Х.Нямбаатар түүнтэй уулзжээ. Тэрээр нийслэлийн МАН-ын хорооны даргаар үлдээхийг Ерөнхийлөгчөөс гуйсан байна. Ингэж гуйхдаа Х.Нямбаатар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас зарцуулах мөнгийг нийслэлийн МАН-ын хороо гаргахаар амласан аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд намуудын зарцуулах мөнгөний дээд хэмжээг Үндэсний аудитын газар 2021 онд 8.1 тэрбум төгрөгөөр тогтоож өгсөн юм. Энэхүү сонгуульд нэр дэвшигчид нийт 6.4 тэрбум төгрөгийг сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлжээ. Сонгуулийн энэхүү зардал нь санал тоолох төхөөрөмж, хяналтын камер, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэдэг.
Х.Нямбаатар энэ их мөнгийг хаанаас, яаж олох юм бол?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 53.1-т “Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлнэ. 1 сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, 2 сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд мэдээлнэ” хэмээн заасан. Энэ дагуу төрийн аудитын байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг хянаж, дүгнэлтийг олон нийтэд мэдээлсэн юм.
МАН-аас нэр дэвшсэн, одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг сонгуульд 4 тэрбум 773 сая төгрөг зарцуулсан байв. Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 741 сая, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 1 тэрбум 175 сая төгрөг зарцуулж байлаа.
Х.Нямбаатар энэ их мөнгийг хаанаас, яаж олох юм бол? Гэхдээ л тэр ийм амлалт өгч, уг гуйлт, саналыг нь У.Хүрэлсүх ерөнхийдөө хүлээн авч, Х.Нямбаатарыг нийслэлийн МАН-ын хорооны даргаар үлдээхээр болсон юм байна. Х.Нямбаатар нийслэлийн МАН-ын хорооны даргын суудалдаа үлдвэл нийслэлийн засаг даргын албан тушаалаа алдахгүй, авч үлдэнэ гэсэн үг.
