Эрчим хүчний салбарын ажилтнууд цалингаа нэмүүлэхээр Сүхбаатар талбай дээр 4-р сарын 16, 17-нд жагсаал хийсэн ч хэн ч тэднийг тоосонгүй. Харин ч жагсаал хийх боломжтой багахан зайд нь баахан асар барьж, тэнд нь төрийн байгууллагууд нээлттэй хаалганы өдөр хийж байна. Улстөрчид угаас ийм аргаар жагсаал, цуглаан хийх боломжийг боомилдог. Сүхбаатарын талбайн урд хагаст Х.Нямбаатар том асар босгож, хоол хийлгэн зарж байгаа. Хойд хагаст нь эрчим хүчнийхэн жагсахаар нь жижиг асраар дүүргээд, төрийн байгууллагынхныг ээлжлээд суулгачихлаа.
Ийн жагсах талбайгүй болсон Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭХ ажил хаяхаар салбарынхаа байгууллагуудыг уриалан, саналыг нь асууж байна. Тус холбооны гишүүн байгууллагуудын ажилтнууд цалингаа нэмүүлэх, нийгмийн баталгаагаа хангуулахаар УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны ажилтан Нямсүрэн уг шаардлагыг гардаж авсан юм. Хэрэв Засгийн газар, Эрчим хүчний яам цалинг нь нэмэхгүй бол ҮЭ ажил хаялт зохион байгуулах аж.
Ажил хаяхын тулд Хөдөлмөрийн тухай хуулийн 26.1, 26.2-д заасны дагуу нийт гишүүн байгууллагууд дээр санал асуулга явуулж байна. Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээрээр ҮЭХ цалинг 30 ба түүнээс дээш хувиар нэмэх, цалин хөлс тооцох итгэлцүүрийг хууль, журмын дагуу тооцдог болох зэрэг 12 заалттай санал гаргасан ч тохиролцоонд хүрээгүй аж. Иймд жагсаал хийсэн ч тоогоогүй тул ажил хаяхаар болжээ.
Ажил хаяхаа мэдэгдээд буй байгууллагууд:
- “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Булган салбарын 74 ажилтан
- Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн 25 ажилтны 22 нь ажил хаялтыг дэмжиж гарын үсгээ зурлаа.
- “Ховд дулааны станц” ТӨХК-ийн 102 ажилтан
- “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 455 ажилтны 99% нь
- “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Архангай салбарын 98 ажилтан
- “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Төв салбарын 194 ажилтны 189 нь (97.4%)
Энэ янзаараа бол УИХ, Засгийн газар дизель моторын гэрэлд хуралдаж, эмч нар гар утасны гэрэлд хагалгаа хийж, багш нар лааны гэрэлд хичээл заах цаг тун удахгүй дэг ээ.
Цалингаа чамласан багш нарыг 2025 оны намар улс төрийн бужигнаан дундуур МҮЭХ ажил хаялтад турхирч, улстөрчдөд хүчээ үзүүлсэн. Харсаар байтал багш нар 3 долоо хоногт асуудлаа шийдүүлж, энэ жилийн намар гэхэд 2.8 сая төгрөгийн цалин авахаар болов. Ажил хаяна гэж анх айлгахад нь Г.Занданшатарын Засгийн газар сайд, дарга нарын төсвийг 10% танаж байж, 2026 онд цалинг нь 15%-иар буюу 300 мянган төгрөгөөр нэмэхээр болсон. Гэсэн ч багш нар түүнийг нь голж, 100% нэмэхийг шаардан ажил хаясан. Тэгээд эцэст нь 76%-иар нэмүүлэхээр болж, ажил хаялтаа зогсоосон.
Энэ тохиролцооны дагуу багшийн үндсэн цалинг Г.Занданшатар, П.Наранбаяр нар 2026.01.01-нээс 50%-иар нэмсэн. 2026.11.01-нээс 26 хувиар нэмэх байсан бол Н.Учрал, Л.Энх-Амгалан нар 2026.05.01-нээс 50% нэмлээ. Багш нар 2027 оны эхний сараас хүссэн 3.5 саяа авах байсан бол 6 сарын наана хүссэн цалиндаа хүрлээ. Энэ бол асар том амжилт.
Л.Энх-Амгалан түүний намынх, Н.Батшугар түүний намынх боловч МАХН-ынх байсан, Б.Найдалаа ХҮН-ынх учраас тэр бололтой
Эмчийн үндсэн цалинг 2026.01.01-нд 30%-иар нэмсэн. 2026.08.01-нд 9%-иар нэмнэ. Тэд багш нартай барьцан ажил хаясан ч тэдэн шиг үр дүнд хүрч чадаагүй. Шинжлэх ухааны салбарынхны цалинг энэ онд 50-иас багагүй хувиар нэмнэ. Яг хэзээ гэдэг нь харин бүү мэд. Үүнээс харвал Г.Занданшатар багш нарт асар их буулт хийсэн бол эмч нарт арай багыг өгч, эрдэмтдийг зүгээр л хуурчээ.
Харин Г.Занданшатарын арайхийж нэмсэн цалинг Н.Учрал хагас жилийн өмнө шууд л нэмлээ. Тэг гэж түүнийг багш нар шаардаагүй. Л.Энх-Амгалан л шахсан бололтой. Өмнөх сайдынхаа хийсэн ажлыг өдөр бүр муулж яваа тэрээр өөрийгөө дөвийлгөхийн тулд ийм юм хийчих шиг боллоо. “Мөнгө байхгүй. Төсөв тодотгоно” гэж анхнаасаа Н.Учрал худал ярьсан нь үүгээр ил боллоо.
Эндээс нэг юм илт харагдана. Н.Учралд цалин нэмэх мөнгө байгаа юм байна. Г.Занданшатар багш, эмч нараас харамлаад, “Мөнгө байхгүй” гэж худал ярьсан юм байна. Тэгсэн атлаа эрчим хүчний салбарынхны цалингаа нэмүүлэх шаардлагыг Н.Учрал чихнийхээ хажуугаар өнгөрөөв. Л.Энх-Амгалан түүний намынх, Н.Батшугар түүний намынх боловч МАХН-ынх байсан, Б.Найдалаа ХҮН-ынх учраас тэр бололтой.
