Х.Нямбаатар: Нэгэнт надтай өрсөлдөх хүн байхгүй байхад намайг огцруулж өгөөч ээ гэдэг санал гаргаж болохгүй биз дээ


Өнөөдөр хуралдсан МАН-ын нийслэлийн намын хорооны хурлаар 3 асуудал хэлэлцжээ. Хурлын дараа Нийслэлийн засаг дарга, нийслэлийн МАН-ын хороог тэргүүлэгч Х.Нямбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

-Өнөөдрийн хурлаар ямар асуудал хэлэлцсэн талаар мэдээлэл өгөөч?

-3 асуудал хэлэлцэхээр төлөвлөж байсан. Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тайлан илтгэл тавьж хэлэлцүүлсэн. 2-рт санхүүжилтын төлөвлөгөө батлах, 3-рт зохион байгуулалтын асуудал буюу нээлттэй орж ирэх асуудал. Намын хорооны даргаа солих санал дэвшүүлэх асуудал нээлттэй байдлаар оруулж хэлэлцүүлэх бололцоо бүрдүүлэх зорилготой байсан. Гэхдээ нэмж асуудал хэлэлцүүлэх санал заалнаас гараагүй. Зохион байгуулалтын асуудлын тухайд Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчээс Ерөнхий сайд Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцүүлж оронд нь Сүхбаатар дүүргийн намын хорооноос сонгогдсон М.Говьсайханыг тэргүүлэгчээр нөхөн сонголоо. Мөн намын дэд даргаар ажиллаж байсан Б.Галцогийг чөлөөлж өмнө нь БЗД-ийн засаг даргаар ажиллаж байсан НИТХ-ын төлөөлөгч Н.Баярмөнх болоод Нийслэлийн намын хорооны дэд дарга н.Цэнд-Аюуш нарыг Нийслэлийн намын хорооны дэд даргаар нөхөн сонгосон. Түүнчлэн Нийслэлийн намын хорооны 2 гишүүн бурхан болсон. Хэд хэдэн намын хорооны гишүүд төрийн алба, дипломат албадад шилжсэн асуудал бий. Бас 8 улирал дараалан нийслэлийн намын хорооны гишүүнчлэлийн хураамжаа төлөөгүй нэр бүхий 18 хүнийг чөлөөлж, оронд нөхөн томилгоо хийлээ.

-Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар Нийслэлийн намын хорооны гишүүдээс ямар санал хүсэлт гарч байна вэ? Тэр дундаа Туулын хурдны замтай холбоотой асуудал яригдав уу?

-Мэдээж намайг анх дэвшихэд мөрийн хөтөлбөрийг минь баталж өгсөн хүмүүс учраас энэ сэдвээр ярьсан. Үг хэлсэн хүн бүр л Туулын хурдны замын төслөө явуулах ёстой, үргэлжлүүлэх ёстой гэж хэлж байна лээ.

-Ерөнхий сайд төслийг шалгах ёстой тухай ярьсан. Одоо тэгээд процесс хэрхэн үргэлжилнэ гэж харж байна вэ?

-Би Ерөнхий сайдын шийдвэрийг хэвлэлээс анх харсан. Энэ асуудлаар би Ерөнхий сайдад хандаж “Зогсоож байгаа шийдвэрээ албажуулж өгөөрэй” гэж хэлсэн. Дараа нь магадгүй гүйцэтгэгч компанитай арбитрын шүүхэд маргаан үүсвэл зогсоосон тухай баримтыг үлдээж байж Нийслэл хот санхүүгийн эрсдэлд орохгүй үлдэх боломжтой. Урьдчилгаа төлбөртэй холбоотой асуудлаар төлөөлөгч нарт бас ярилаа. Банкны баталгаа, олон улсын давхар даатгалаар баталгаажиж урьдчилгаа төлбөр авч байж өгдөг олон улсын стандартаар хэрэгжиж буй төсөл шүү дээ. Бид 20 гаруй хувийн төлбөрийг урьдчилж өгч байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ мөнгө авсан компани хийхгүй зугатчихвал өмнөөс нь банк хариуцах байхгүй юу. Ийм баталгаатай зүйл шүү дээ.

-Нийслэлийн МАН-ын хурал хэдэн хувийн ирцтэй хуралдсан бэ? Э.Бат-Амгалан сайд оролцсон уу?

-Э.Бат-Амгалан сайд ирээгүй. 70 гаруй хувийн ирцтэй хуралдсан.

-Ахин танай намын хороо хуралдах уу?

-Ойрын хугацаанд хуралдахаар төлөвлөсөн зүйл байхгүй. Хэрэв хуралдвал намраас ахиж хуралдаж магадгүй. Манай намын дүрэмд аймаг нийслэлийн намын хорооны даргыг намын хороо нь томилж чөлөөлдөг. Нэгэнт намын хороо хуралдаж байгаа юм чинь зохион байгуулалтын асуудал ярья. Өөр асуудал хэлэлцүүлэх үү гээд хурлын эхэнд санал болгоход өөр асуудал санал болгож хэлэлцүүлэх хүн гарч ирээгүй. Нэгэнт надтай өрсөлдөх хүн байхгүй байхад намайг огцруулж өгөөч ээ гэдэг ч юм уу эсвэл надтай өрсөлдөх хүн байна уу гэдэг санал гаргаж болохгүй биз дээ.

-Нийслэлийн намын даргын эрх мэдэл булаацалдаад байсан хүмүүс тэгээд хуралдаа оролцож асуудлаа албан ёсоор тавиагүй гэж ойлгож болох уу?

-Тийм. Хуралдаа ирсэнгүй.

-Та Ерөнхий сайдаас Туулын хурдын замын төслийг албан ёсоор зогсоох бичгээ албажуулахыг хүссэн юм байна. Тэгээд одоо замын ажил зогссон юм уу?

-Би Ерөнхий сайдын шийдвэрийг хараад Нийслэлийн автозамын газарт төслөө зогсоо гэдэг чиглэл өгсөн. Автозамын газраас надаас албан ёсны бичгийг нь авах хэрэгтэй байгаагаа мэдэгдсэн.

-Таны охинтой холбоотой гарсан мэдээлэл бодитой мэдээлэл мөн үү?

-Хар нялхаас нь буюу гөлөг байхаас нь тэжээсэн нохойтой нь үнэн шүү дээ. Бодитой мэдээлэл. Нохойд зориулсан жерки буюу хатаасан мах бэлтгэж, савлаж фэйж хаягаараа зардаг. Энэ хориотой зүйл биш шүү дээ. Хүмүүс хувцас хунар өмсөж өөрсдөө сурталчилж зардаг биз дээ. Яг түүнтэй адилхан ийм ийм хоол нохойн эрүүл мэндэд сайн гээд тэжээж байгаагаа нохойгоороо дамжуулж сурталчилж байгаа төдий. 5-р сард тэжээвэр амьтдын үзэсгэлэнд оролцож нохойн хоол зарах гээд байгаа. Тэр тийм хууль бус зүйл гэж үү? Би 1 зүйлд дургүй хүрээд байгаа юм. Манай намын нөхөр л дөө. Хүнд юу ч тохиолдож болно шүү дээ. Эрүүл мэндийн хувьд сайнгүй дөнгөж сэхээнээс гарч байхад тийм бичлэг явуулж байгаа байхгүй юу. Хэрвээ миний ажилд шунаад байгаа бол ирээд хурлаа хий гэж хэлсэн. Өөрөөр би ажил өгөх бололцоогүй шүү дээ. Өглөө босоход гэрийн дээгүүр дрон нисгэж байна. Би хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан уулын мухарт байдаг зуслангийн байшиндаа амьдарч байгаа нь бас хууль бус уу? Улс төрийн технологитой болчихож. Хүн харлуулдаг. Би харлахгүй шүү дээ. Харладаг байсан бол аль 10 жилийн өмнө баталсан эрүүгийн хуультай холбоод л хэдэн жил гүтгэж яваа билээ. Би олон ажлын хэсэг ахалсан. Одоо хотын ажлыг хийгээд явж байна. Би урдах ажлаа л хийх сонирхолтой явдаг хүн. Намайг сураггүй сайт майтаар хэдэн өдөр гөвлөө гээд гээд би цочирдохгүй. Мөнгөө дэмий үрээд л хэдэн хүнийг төлбөртэй жагсаагаад нэмэргүй. Энэ ТҮЦ эрхлэгч гээд байгаа 1 эмэгтэйд би нөхөн олговор болгож 10 сая төгрөг өгсөн. Хэдэн сар болоод л ахиад ирж мөнгө нэхэж байна. Татвар төлөгчдийн мөнгө биз дээ.

-Туулын хурдын замын төсөл зогсвол тойрог замын төсөлд нөлөөлөх үү?

-Нийлж кольцоо болох ажил шүү дээ.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *