Өчигдөр орой АНУ-ын нийслэл Вашингтон хотод Цагаан ордонд сэтгүүлчидтэй хийсэн оройн зоогийн үеэр буун дуу гарч, хамгаалалтын онцгой байдал үүсжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эхнэртэйгээ хамт уг арга хэмжээнд оролцож байсан аж. Мөн засгийн газрын олон өндөр албан тушаалтнууд уг арга хэмжээнд оролцож байв. Буун дуу гарах үед ерөнхийлөгчийн нууц албаны ажилтнууд Трампыг шуурхай нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг нь хангасан байна.
Буутай этгээд хамгаалалтын бүсэд нэвтрэхийг оролдож, АНУ-ын ерөнхийлөгчийн нууц албаны ажилтан руу гал нээсэн гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. Хамгаалалтын ажилтан сум нэвтэрдэггүй хантааз өмссөн байсан тул амь насанд нь аюул учралгүй өнгөрчээ. Хамгаалалтын албаныхан сэжигтнийг газар дээр нь саатуулсан бөгөөд сэжигтэн биедээ шотган, гар буу, олон тооны хутга авч явж байсан нь тогтоогджээ.
Энэ нь 2024 оноос хойш АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын амь насанд халдах гэж оролдсон гурав дахь оролдлого болсон байна.
Эх сурвалж: The Guardian
