Прокурорын байгууллага өнгөрсөн 7 хоногт гэмт хэргийн шинжтэй 9,111 гомдол, мэдээлэл бүртгэж, хэрэг бүртгэлтийн 782 хэрэг шинээр нээж, 393 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
-Х.Б нь “…” үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байхдаа төрийн өмчит болон хувьцаат компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны нэр бүхий 8 тэргүүлэгчтэй бүлэглэн 2022 онд тушаал гарган 8 тэргүүлэгчдэд 31 сая төгрөгийн, өөртөө 7 сая төгрөгийн урамшуулал, хяналтын хорооны дарга Г.Ц-д 5 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг, мөн өөртөө 16,2 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон, хуулийн этгээдийн өмчлөлийн Toyota highlander маркийн тээврийн хэрэгслийг 12,9 сая төгрөгөөр гэр бүлийнхээ хүний өмчлөлд шилжүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
– М.Д нь “Х…” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2024 оны жилийн эцсийн татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй “С…” ХХК-иас 49 ширхэг падаанаар 3.5 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр хий бичилт хийж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 359 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
– Б.Л нь “Т…” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй “С…” ХХК-иас 6 ширхэг падаанаар 636 сая төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр хий бичилт хийж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 63,6 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
– Б.М нь 2026.03.06-нд төрсөн эгч Б.Х-ын нэрээр гадаад улс дахь Монгол Улсын консулын газраас гаргуулан авсан буцах үнэмлэхийг ашиглаж, Монгол Улсын хилээр нэвтэрсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд,
– Т.Н, А.Ш, А.Х нар бүлэглэн 2025.07.02-нд метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг бусдаас хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
– Д.Н 2025 оны 8-р сард … “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
– Н.Б 2026.01.02-нд телеграммаар бусадтай холбогдож, сэтгэцэд нөлөөт бодис бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
