Монголын кино урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээж олноо “Би чамд хайртай” киноны Баяраагийн дүрээр хоногшсон жүжигчин Н.Бадралын гэгээн дурсгалыг дурсан саная.
Жүжигчин Бадрал кино урлагийн салбарт төрж, өссөн цөөхөн жүжигчдийн нэг. Түүний аав Н.Нямдаваа кино найруулагч, ээж нь Ш.Цэцэгээ гавьяат жүжигчин. Тэдний ууган хүү болон 1965 онд мэндэлжээ.
1984-1989 онд Үндэсний телевизэд туслах найруулагчаар ажиллаж, 1989-1993 онд Д.Маамхүүгийн удирдлаган дор жүжигчний мэргэжил эзэмшжээ. 1993-1997 онд Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллахдаа “Ричард ван” “Оршуулаагүй үрэгдэсэд” “Хүн бүгд- Би” жүжгүүдэд тоглосон юм.
Түүний бүтээсэн Баяраа бол эгэл атлаа сэтгэл хөдөлгөм, амьдралд ойр дүр бөгөөд олон хүний залуу нас, дурсамжтай салшгүй холбогддог. Тэрбээр зөвхөн нэг дүрээр хязгаарлагдахгүй, тайз дэлгэцийн урлагт өөрийн хөдөлмөр, авьяасаараа тод мөр үлдээсэн уран бүтээлч байлаа. Түүний дүрүүдээс энгийн хүний дотоод ертөнц, үнэн сэтгэл, амьдралын өнгө аяс тод мэдрэгддэг байсан нь үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн удамт жүжигчин. Кино урлагт түүний өвөө болох дууны найруулагч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Л.Найдан хөтөлж оруулсан гэдэг. Үеийнхэн нь түүнийг кино урлагийн салбарт мөлхөөгөөрөө орсон хэмээн дурсан ярьдаг юм билээ.
Түүний талаарх гэгээн дурсамж, уран бүтээлүүд нь Монголын кино урлагийн түүхэнд мөнхөд үлдэх болно.

