Эрх мэдлийн зодоон гаалийн салбарт үргэлжилж байна


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс ойрын өдрүүдэд ажил ихтэй, тун ч завгүй байна. ГЕГ, Замын-Үүд дэх Гаалийн газар, Дорноговь аймгийн Сайншанд дахь Гаалийн газар, “Сэлбэ 20 минутын хот” төсөл гээд энд тэнд тавьсан торонд нь загас ороод, олз ихтэй явна. Ихэнхдээ тэдний торонд жараахай ордог ч загас арвин үе бий. Тул барих цаг ч ирдэг.

Гэхдээ яагаад ч юм бэ, авлигын хэрэг илрүүлэхэд ар араасаа аз таарах, хэдхэн хоногийн зайтайгаар од гийх гэж бас байдаг юм байна. 2026.04.22-нд Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн 3 хэрэгт 40 гаруй байцаагч, гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүнийг шалгаж, нэгжээд, гаалийн 3 байцаагчийг баривчилсан.

2026.04.26-нд ГЕГ-ын ажилтан Н-ийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 50 сая төгрөгийн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулж баривчиллаа. Мөрдөгч нар түүнийг удаан дагасан бололтой. Өнөөх нь мэдэлгүй явж байгаад, үйлдэл дээрээ гардуулав.

Энэ бол өнгөрсөн зунаас эхлээд гаалийн байгууллагад өрнөсөн дуулианы үргэлжлэл

Г.Занданшатар Ерөнхий сайд болмогцоо гаалийг онилсон. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар 2025.07.24-нд ГЕГ-т 14 хоногийн хугацаатай шалгалт эхлүүлж, “Гаалийн хүнд суртал хүнээс шалтгаалж байвал хуулийн дагуу хариуцлага тооцно. Тогтолцоонд асуудал байвал хамтарч сайжруулна” гэж мэдэгдсэн. Энэ шалгалтаар гаалийн бүрдүүлэлт хийхэд аж ахуйн нэгжүүдэд зуучлагч 4 иргэн нийт 131 аж ахуйн нэгжийн импортын барааны үнийн дүнг бууруулж, улсад төлөх 13.5 тэрбум төгрөгөөс зайлсхийсэн байна. Татварыг нь багасгаж өгдөг ГЕГ-ын Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төвийн 3, Замын-Үүд дэх Гаалийн газрын 7 байцаагч сар бүрийн эхэнд авлигын мөнгөө өөрсдийн хамаарал бүхий иргэдийн дансыг ашиглан, бэлэн мөнгө хэлбэрээр АТМ-ээс авдаг аж.

Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг Улаанбаатар хотын 14, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 9, Дархан-Уул аймгийн 1 обьектыг нэгжиж, бэлэн мөнгө, банкны картууд, гар утас, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, гаалийн байцаагч нарт хахууль өгсөн хар бүртгэл, карго тээврийн баримтуудыг хураан авчээ.

Ингээд Г.Занданшатар Улаанбаатар хот дахь Гаалийн газарт 2025.12.05-нд очиж нэг шалгуур, нэг стандартыг ягштал мөрдөж, танилын бараа, онцгой шугам гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлүүдээ таслан зогсоохыг хатуу анхааруулж байв. Үүний дараа Засгийн газар 2025.12.09-нд ГЕГ-ын дарга, бригадын генерал Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайваныг үүрэг гүйцэтгэгчээр тавьсан юм. Энэ үед гаальчид “Одоо л гаалийн байгууллагыг мэргэшсэн гаальчаар удирдуулах нь уу” хэмээн горьдсон ч талаар болов.

Гаалийн байгууллагыг үе үеийн Ерөнхий сайд нар олзны үүд, орлогын эх үүсвэр гэж хардаг болохоос ажлыг нь сайжруулъя, алдааг нь засъя гэж хандсан удаа үгүй

Гаалийн байгууллагыг үе үеийн Ерөнхий сайд нар олзны үүд, орлогын эх үүсвэр гэж хардаг болохоос ажлыг нь сайжруулъя, алдааг нь засъя гэж хандсан удаа үгүй. Хэрвээ тэгж хүссэн бол мерит зарчмаар гаальд дэвшиж яваа олон арван ажилтан дундаас дарга болгочих хүн олдох л байлаа. Тэгж хүсдэггүй, улсын төсвийг баян байлгах, ууж идэх юмаа гаргаж авах зорилгоор л энэ байгууллагыг ашиглаж ирсэн. Түүний бэлэн, тод жишээ нь Х.Баатар.

Нэг хэсэг нам жим байсан гаалийг сүрхий шуугиантайгаар шалгаж, даргыг нь дуулиантайгаар солихдоо Г.Занданшатар өөрийн хүнээ тавьж, Л.Оюун-Эрдэнийн гаалийг өөрийн болгохыг л хүссэн. Тэр нь үйл явдлын үргэлжлэл нь одоо баривчилгаагаар үргэлжилж байгаа нь энэ.

Шинэ Ерөнхий сайд нар хуучин Ерөнхий сайдынхаа хүмүүсийг л баривчилдаг, ялладаг болохоос гаалийг авлигаас салгах гэсэндээ ийм юм хийдэггүй. Өнгөрсөн түүхийг эргээд санаарай. Ээлж солилцож буй сайд нар хоорондоо түнжинтэй бол ийм баривчилгаа болдоггүй, хэн нэгнийг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь баривчилдаггүй. Зүгээр л ГЕГ, Замын-Үүд, Алтанбулаг, Улаанбаатар, Булган гэх мэт газарт байрлах Гаалийн газрын даргыг чимээгүй сольдог. Тэд нь доорх хүмүүсээ солино. Ингэж явж ирсэн халаа сэлгээ үе үе шалгалт, баривчилгаа болох нь дээрээ суудлаа олоогүйн шинж байдаг.

Төрийн байгууллагуудын дарга нарыг мерит зарчмаар томил

Хар л даа. Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар хоёр муудалцахдаа Р.Отгонжаргалыг П.Дэлгэрнарангаар сольмогцоо Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэн, Шивээхүрэн дэх Гаалийн газрын дарга М.Өнөрбуян, Ховд аймгийн Булган суман дахь Гаалийн газрын дарга О.Лхагва-Эрдэнэ гээд халаа сэлгээ хөвөрлөө. Одоо араас нь баривчилгаа хөвөрч байна.

“1 үхрийн эвэр доргихоор 1000 үхрийн эвэр доргино” гэдэг. Эрх баригчдын авчирсан эрх мэдэлт цөөн даргаас болоод, гаалийн байгууллагын нэр навс унаж, бүгд авлигач мэт болж нийгэмд адлагддаг. Иргэд ийм дуулианаар гаальд ажилладаг цэвэрлэгчээс эхлээд байцаагчийг хүртэл хараадаг. Таарвал тасар татах нь халаг аашилдаг. Үнэндээ бол 1000 үхрийн эврийг доргиодог 1 үхэр хаа сайгүй, бүх салбарт бий. 1 эмч алдаа гаргавал бүх эмч буруутай. 1 багш сурагчаа зодвол бүх багш харгис. 1 цагдаа алдаа гаргавал бүх цагдаа аймаар. 1 шүүгч хүчингийн хэрэгт холбогдвол бүх шүүгч тийм. Ингээд байвал энэ улсад хэн цэвэр юм бэ?

Н.Учрал үнэхээр л авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцмээр байвал төрийн байгууллагуудын дарга нарыг мерит зарчмаар томил. Ингэж л үйлдлээрээ харуулахгүй бол уянгалаг үгэнд нь уярах хэрэггүй л дээ.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *