Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг АН боловсруулаад байна. Цэцэрлэг, сургуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан судалсны үндсэн дээр энэхүү төслийг боловсруулсан байна.
Монгол Улсын хүн амын 37,1 хувь нь хүүхэд, залуус. Харьцангуй залуу иргэдтэй улс. Тийм ч учраас хүүхдийн сурах эрх, хүүхдийг хамгаалах асуудалд бодлогын түвшинд анхаарч, хууль эрх зүйн орчноо тогтмол шинэчлэх шаардлагатай. Гэсэн ч “Бодлого хөтөлбөр, хууль тогтоомж боловсруулан хэрэгжүүлэхдээ хүүхдийн хөгжих, оролцох эрхийг бүрэн ойлгож хэрэгжүүлдэггүй. Хүүхдийг хамгаалах субьект гэж харах хандлага давамгайлж байна” гэж судлаачид дүгнэдэг.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах нэг үндсэн шалтгаан нь манай орны онцлог амьдралын хэв шинж болсон уламжлалт бэлчээрийн мал аж ахуйтай холбогдож байгаа аж. Малчид улсын нийт газар нутгийн 72.1 хувийг ашиглаж, ДНБ-ий 10.5 хувийг үйлдвэрлэдэг. Нийт ажиллах хүчний 21.6 хувь нь тус салбарт ажиллаж байна.
Малчдын эрхэлдэг аж ахуй:
- 94 хувь нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг,
- 3,2 хувь хосолсон аж ахуйг,
- 2,7 хувь суурин аж ахуйг эрхэлж байна.
Аж ахуйг хот, хөдөөгөөр ангилбал:
Хөдөө:
- Бэлчээрийн мал аж ахуйг 99.3 хувь нь,
- 0.7 хувь нь хосолсон мал аж ахуй
Нийслэл орчим:
- 30 хувь нь бэлчээрийн,
- 28 хувь хосолсон аж ахуйг,
- 42 хувь суурин аж ахуй эрхэлж байна.
Манай улсын малтай өрхийн тоо 2022 онд 248,3 мянга болж өсжээ. Жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, малын ашиг шим нь тэдний амьжиргааны эх үүсвэр болж байгаа малчин өрхийн тоо 190.8 мянга байна. Энэ нь малтай өрхийн 76.8 хувийг эзэлнэ. Малыг амьдрал ахуйдаа туслах чанартайгаар өсгөн үржүүлж буй өрх 23.1 хувь нь байна. Малчин өрхийн тоо 2022 онд өмнөх оноос 2.2 мянга буюу 1.2 хувиар өсжээ.
2022 оны байдлаар нийт малчдын дунд 15-44 хүртэлх насны малчид 26.9 хувь, 35-44 хүртэлх насны малчид 58.5 хувь, 55-аас дээш насны малчид 14.6 хувийг тус тус эзэлж байна. Сүүлийн 3 жилд 15-34 насны залуу малчдын тоо 2.9 нэгж хувиар буюу 7.0 мянгаар цөөрч, 35-59 насны малчдын эзлэх жин 1.7 нэгж хувиар буюу 8.8 мянгаар нэмэгджээ.
Малчдын насны бүтцийн өөрчлөлтийн хувиас авч үзвэл 15-34 насны малчид 2010 онд нийт малчдын 43.5 хувийг эзэлж байсан бол 2022 онд 26.9 хувь болж 16.6 пунктээр буурч, 35-55 насны малчид мөн хугацаанд 15 пунктээр өссөн үзүүлэлттэй байна. Залуу малчдын тоо жилээс жилд буурч байгаа нь малчдын залгамж халаа алдагдах, дунд болон ахмад малчдын тоо өсөх хандлагатай, хөдөлмөрийн насны малчдын дунд насжилтын өөрчлөлт нэлээд явагдаж байгааг зайлшгүй анхаарч бодлогын хариу арга хэмжээ авах шаардлагатай байна.
Тухайлбал, Малчдын үйл ажиллагааны хүрээнд тулгарч байгаа бэрхшээл, хүндрэл, нөхцөл байдал, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг судалгааны явцад авч үзэхэд малчин өрхийн хүүхдийн сургалтын асуудал чухлаар тавигдаж байна. Одоогийн нөхцөлд дээрх хуулийн зохицуулалтаар малчин өрхийн хүүхэд 6 наснаас сургуульд суралцах нь тэдний хувьд ялангуяа малчдын амьдралд хүндрэл бэрхшээл үүсгэж, нэг гэр бүл хоёр талд тухайлбал эхнэр нь сургуульд орсон 6 настнаа харж сумын төвд удаан хугацаагаар сууж бусадтай гэр бүлсэх, нөхөр нь уулын мухарт ганцаараа байж архи дарс ууж архинд орох, улмаар гэр бүл салж сарних тохиолдол гарч амьдрал ахуйгаа зольж байгаа сөрөг үр дагавар гарч байна. Энэ асуудлыг цэгцлэх, шийдвэрлэх арга зам бол тэдний хүсэлтийн дагуу тухайн онд найман нас хүрэх хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн суралцуулах, малчин өрхийн хүүхдийн 1, 2 дугаар ангийн сургалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр Боловсролын ерөнхий хуулийн 26.1.11-д заасан журмыг баримтлан зайн болон цахим сургалтад хамруулах явдал юм.
Ийнхүү малчдын үйл ажиллагааны хүрээнд тулгарч байгаа бэрхшээл, хүндрэл, нөхцөл байдал, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг судалгааны явцад авч үзэхэд малчин өрхийн хүүхдийн сургалтын асуудал хөндөгдөж байгаа тул энэхүү төслийг боловсруулжээ.
Цаашид дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хүүхдийн сурах эрхийг хүндэтгэж, сургалтын олон хэлбэрийг бий болгон хөгжүүлэх хэрэгцээ шаардлага үүсээд байна. Эх оронч үзэлтэй, амьдрах ухаанд суралцсан, авьяас чадвараа нээн хөгжүүлсэн, эрхээ хамгаалж чаддаг хөгжсөн монгол хүүхдийг төлөвшүүлэхэд төрийн бодлого, дэмжлэг чухал юм. Тиймээс эх орны ирээдүй хойч, хүүхэд багачуудын хөгжил, оролцоог дэмжих хууль, эрх зүйн орчин, сургалтын тогтолцоог олон улсын сайн туршлагад тулгуурлан боловсронгуй болгох хууль зүйн үндэслэл, практик шаардлага бий болжээ.
Тухайн онд 8 нас хүрэх малчин өрхийн хүүхдийг элсүүлэн сургах болон сургалтын зохион байгуулалтын хэлбэрийн эрх зүйн орчныг бий болгох зорилгоор Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хуулийн хэлбэрийн хувьд нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн хэлбэрээр боловсруулсан.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр дараах асуудлыг зохицуулахаар тусгана. Үүнд: Ерөнхий боловсролын сургуульд тухайн онд 8 нас хүрэх малчин өрхийн хүүхдийг элсүүлэн сургаж болох, сургуульд сурч байгаа малчин өрхийн хүүхдийн 1-2 дугаар ангийн сургалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр Боловсролын ерөнхий хуулийн 26.1.11-д заасан журмыг баримтлан зайн болон цахим сургалтад хамруулах, зайн болон цахим сургалтад хамрагдсан малчин өрхийн хүүхдийг 3 дугаар ангиас эхлэн танхимын сургалтад үргэлжлүүлэн сургах, малчин өрхийн хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн сургах, сургалтыг хуульд заасан хэлбэрээр зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар төсөлд тусгасан.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дээрх өөрчлөлттэй холбогдуулан хуулийн зарим зүйл хэсэг, дэс дугаарт зарим техникийн шинжтэй өөрчлөлт оруулахаар төсөл боловсрууллаа.
Хуулийн төсөл батлагдсанаар дараах нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар гарч тодорхой үр дүнд хүрнэ. Энэ нь:
Малчин өрхийн хүүхдийн боловсрол эзэмших зорилго, хүүхэд сурах боловсрол эзэмших арга хэлбэр тодорхой болж, боловсролын хөгжлийн чиг хандлагад нийцсэн арга хэмжээ болно.
Боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэн хүний хөгжлийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх, хөгжлийн бодлогоо бүх түвшинд хэрэгжүүлэх чадвартай, иргэдийн оролцоог хангасан, тогтвортой засаглал төлөвших үндсийг бүрдүүлэх суурь нөхцөл болно.
Хүний хөгжлийн үндсэн хэмжүүр нь хүний хөгжил байх гол зарчмыг үндэс болгон хуулийн төслийг боловсруулах ба иргэн бүр боловсрол эзэмшиж, амьжиргаандаа хүрэлцэхүйц орлоготой болох боломжийг бүрдүүлж, ядуурал, ажилгүйдлийг бууруулах, дундаж орлоготой өрхийн тоог нэмэгдүүлж, хүн амын амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, мэдлэгт суурилсан нийгэм, ур чадвартай, зөв хандлагатай монгол хүнийг төлөвшүүлэх зорилгод нийцнэ гэж АН үзэж байна.
