Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын баячууд өөрийг нь болон компанид нь чиглэсэн олон нийтийн шүүмжлэл, уур бухимдлыг намжаахын тулд цалингаасаа татгалзах болжээ. Энэ нь одоо үзэгдэл болтлоо дэлгэрээд байна.
Анх 2017 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хетэй холбоотой улс төрийн дуулианы улмаас шоронд хоригдож байсан “Самсунг-Электроникс” компанийн ерөнхийлөгч И Жэ Ён цалингаасаа татгалзаж буйгаа олон нийтэд зарлаж байлаа. Үүний дараа 2021 онд SK группийн хагас дамжуулагч үйлдвэрлэдэг “SK Hynix” компанийн ажилчид үр дүнд суурилсан урамшууллын хэмжээтэй холбоотой гомдол гаргасны улмаас SK группийн ерөнхийлөгч Чэй Тэ Вон өмнөх нэг жилийн хугацаанд авсан цалин, хангамжаа бүгдийг нь буцаан төлж байв.
Мөн 2022 онд “Какао” компанийн зарим захирлууд өөрийн эзэмшлийн хувьцаагаа зарж, ханшийг нь унагасантай холбоотой шүүмжлэлийн улмаас тус компанийн удирдлагууд цалингаасаа татгалзсан юм.
Тэгвэл хамгийн сүүлд “Hanwha” uруппийн ерөнхийлөгч Ким Сюн Юн, “SK Networks” компанийн хүндэт ерөнхийлөгч Чой Шин Вон нар энэ сараас эхэлж8 цалингүй ажиллах шийдвэр гаргажээ. “Hanwha” группийн ерөнхийлөгч Ким Сюн Юн энэ сараас эхлэн тус группийн эрчим хүчний “Hanwha Solutions” компаниас авдаг жилийн 5 тэрбум воны ($3.4 сая) цалингаасаа татгалзахаар болжээ. Тус группийн бусад компани өнгөрсөн онд Ким Сюн Юнд нийт 20 тэрбум воны цалин өгсөн байна.
Ким зарим цалингаасаа татгалзах болсон шалтгаан нь “Hanwha Solutions” компани өнгөрсөн гуравдугаар сард 2.4 их наяд воны санхүүжилт босгохын тулд нэмэлт хувьцаа гаргахаар шийдвэрлэсэнтэй холбоотой. Уг төлөвлөгөөг нь жижиг хувьцаа эзэмшигчид, улстөрчид нэлээд шүүмжилснээс гадна Өмнөд Солонгосын санхүүгийн зохицуулах дээд байгууллага зөвшөөрөөгүй аж. Одоо тус компани санхүүгийн зохицуулах байгууллагын тавьсан шаардлагад төлөвлөгөөгөө нийцүүлэн өөрчлөхөөр ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: Korea Times
