ХӨСҮТ-ийн ерөнхий захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнөөдөр хэлэлцлээ. Тэр уг төвийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Д.Бархүүгийн үүсгэн байгуулсан компаниас хуучин компьютер томографын аппаратыг өндөр үнээр худалдан авах замаар эдийн засгийн давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм. Харин Д.Бархүү тус аппаратыг хуурамч үнэлгээгээр үнэлүүлж, Д.Нямхүүтэй бүлэглэн гэрээ байгуулж, 400 сая төгрөгийн санхүүжилт авч, Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон.
Нийслэлийн Прокурорын газар шүүгдэгч Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг нь шүүхэд шилжүүлжээ. Уг хэргийг шүүх хянан хэлэлцээд, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа.
