Нэгнээ дээрэлхдэг биш хайрладаг нийгэм бүтээе


Үе тэнгийн дээрэлхэлт. Өмнө нь ч байсан, одоо ч байсаар.

Ардчилсан нийгэмтэй манай улсад хүн бүр эрхээ эдлэхээ мэдэхээс үүргээ биелүүлэхээ мэддэггүй. Үүний нэг жишээ бол үе тэнгийн дээрэлхэлт.

Эрт цагт. Биш ээ, өдгөөгөөс ердөө 20, 30-хан жилийн өмнө “АТАМАН” нэртэй залуучууд байр орц, гудамж хашаа метрлэж, бусдыг дээрэлхэн, бах таваа хангадаг байв. Гэтэл өнөө цагт энэ үйлдэл бүр хурц хэлбэрт шилжиж, үе тэнгийн найзуудаа өшиглөж, зодож, бие махбодын хүчирхийлэл үйлдэхээс гадна зураг авч, бичлэг хийн, сэтгэл санаагаар унаган, айлган сүрдүүлдэг болжээ.

Магадгүй энэ нь сошиал орчны хэрэглээтэй тун холбоотой байх. Хүн бүр цаг үеэ дагаад гар утастай болж, нийгмийн сүлжээнд идэвхтэй оролцох болсон. Энэ нь ч өсвөр насны хүүхдүүдийн дунд эрчээ авч, хамаг л болохгүй, бүтэхгүй үйлдлээ үүнд зориулдаг болж. Фэйсбүүк хуудсанд шинэ хаяг нээж, түүндээ хүчирхийллийн зураг, бичлэгээ нийтэлж, бах таваа ханган, хохирогч хүүхдийг олны шившиг болгохыг тэд зорьдог болж. Ингэж болохгүй гэдгийг ч тэд мэддэг ч зориуд тэгдэг. Хүн зовоож, үйлийг нь үзээд, улам бах нь ханаж, түүндээ донтон, өөрийгөө хүчтэйг баталж байна гэж эндүүрдэг болж.

Үнэн хэрэгтээ тийм биш. Харин үе тэнгийн найз нөхдөдөө зөв үлгэр, дуурайлал үзүүлж, аюул ослоос хамгаалдаг болох нь хамгийн зөв алхам. Үүнийг ч Цагдаагийн байгууллага сэтгэж, үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлж болохгүй гэдгийг нийгэмд уриалахаар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, “И-Монгол Академи” УТҮГ-тай хамтран “Бид дээрэлхэлтгүй нийгмийг бүтээж чадна” уриатай хүүхдийг үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг зохион байгуулж буй. Энэ аян ч цаг үеэ олсон зөв аян.

Түүнээс гадна улсын хэмжээнд 2025 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 2339, хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 1135, энэ оны эхний гурван сарын байдлаар хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 518, хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 311 бүртгэгдэж, 335 хүүхэд хохирсон байна.

Үе тэнгийнхний дээрэлхэлт нь ихэвчлэн хэд хэдэн хүүхэд нийлж, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэн иргэд олон нийтийг айдаст автуулдаг зүйл. Тэгвэл “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрхэлтийг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, дээрэлхэлтийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг цахим группүүдийг хаах, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг таниулах, нийгмийн соёл болгон төлөвшүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Мөн цахим орчин нь хүүхдийн хөгжил, боловсролд чухал боломж олгодог хэдий ч зохисгүй хэрэглээ, хяналтгүй байдал нь эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул гэр бүл, сургууль, төр, олон нийтийн хамтын оролцоог нэмэгдүүлж, хүүхдийг цахим болон бодит орчинд аюулгүй байлгах нь нэн тэргүүний зорилт юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *