ХЭҮК: Цогцсыг муутгахгүйн тулд ээлжлэн хөргүүрт хийдэг  


Шүүх шинжилгээний байгууллага жил бүр дунджаар 35 мянга орчим хэргийн газрын үзлэгт оролцож, 75 мянга гаруй шинжилгээ хийдэг. Өдөрт дунджаар 200 гаруй шинжилгээ хийдэг байна. Гэсэн хэдий ч шүүх шинжилгээний байгууллагын нөхцөл байдал орон нутагт хүндрэлтэй байгаа талаар ХЭҮК мэдээллээ.

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд: “Орон нутагт шүүх шинжилгээний байгууллагын барилга байгууламж хүрэлцээгүй байна. Хүний биеэс биологийн дээж авч, 10 жил хадгалахын тулд химийн бодис ашигладаг. Гэсэн ч шүүх шинжилгээний ажилчид хор саармагжуулах бүтээгдэхүүнийг хангалттай хэмжээнд хэрэглэж чадахгүй байна. Энэ нь төсөв бага байгаатай холбоотой. Сарын сүүлд хор саармагжуулах бүтээгдэхүүний оронд 3 литр сүү, тараг өгч байна. Ингэхдээ нэг литр сүү, тарагны мөнгө гэж 625 төгрөг олгодог байна. Энэ нь одоогийн зах зээлийн ханштай нийцэхгүй байна.

Мөн зориулалтын бус барилгатай байгаагаас үүдэн, ажилчид нь ажлын өрөөндөө эд мөрийн баримтыг хадгалдаг гэх мэт хүнд нөхцөл байдал илэрсэн. Цогцостой ажилладаг шүүх шинжилгээний эмч, ажилчдын дунд хийсэн судалгаагаар нийслэлд дунджаар 400 гаруй, орон нутагт 100 гаруй цогцостой ажилладаг. Сумдад байгаа цогцос хадгалах өрөө дэд бүтэц, халаалтгүй, зун кондэйшингүй байгаагаас хүнд нөхцөл байдал үүсдэг талаар туслах ажилчид хэлсэн. Мөн шүүх шинжилгээний байгууллага нь хувь хүний эмзэг мэдээллүүдийг цуглуулж, архив үүсгэдэг. Гэвч тэрийг хамгаалж чадахгүй байна. Тухайлбал, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох шинжилгээг 120 цагийн бичлэгтэй хийдэг. Түүнчлэн цогцост үзлэг хийхэд, камераар бичлэг хийдэг. Эдгээр баримтыг хамгаалж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Алдагдахад бэлэн гэсэн үг” хэмээн тайлбарлалаа.

Шүүх шинжилгээний ерөнхий газар хөгжиж байгаа ч орон нутагт хөгжил орхигдож, ажилчдын эрх зөрчигдөж байгааг ХЭҮК тодотголоо. Иймд шүүх шинжилгээний байгууллагад үүссэн хүний эрхийн зөрчилтэй холбоотой 16 саналыг УИХ-д хүргүүлэхээр ажиллаж байгаа юм. 

ХЭҮК-оос орон нутаг дахь шүүх шинжилгээний байгууллагын ажилчидтай уулзахад, дараа мэдээллийг өгчээ. Уг ярилцлагаар шинжилгээний дүгнэлт гаргах явцад мөрдөгч болон бусад этгээд нөлөөлөхийг оролддог. Дүгнэлтийг өөрчлүүлэх гэж шахалт үзүүлэх, алба хаагчдын утасны дугаар, цахим хаягийг гуравдагч этгээдэд дамжуулах, иргэд шууд дарамтлах, доромжлох зэрэг нөхцөл байдал илэрч байгаа талаар ХЭҮК мэдээлсэн юм. Үүнд:

“Нярайн цогцсыг ажлын байранд, ахуйн хөргөгчинд хадгалж байсан”

-Манайд цогцос хадгалах байр байхгүйгээс 2 нярайн цогцсыг 2 жил албаны байранд ахуйн хөргөгчинд, ажлын орчинд хадгалж байгаад хөдөөлүүлсэн. Хоёр жил хадгалахад албан хаагчдын сэтгэл зүйд хүнд байсан.

/….аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн алба хаагчтай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс/

-Цогцос хадгалах хөргүүр аймгийн хэмжээнд ердөө 5 байдаг. Энэ нь зуны улиралд хүндрэл үүсгэдэг. Хөргүүрт багтахгүй цогцсыг муудахаас сэргийлэхийн тулд хоногийн ээлжинд ажиллах үедээ өдөр, шөнийн аль ч үед моргт ганцаараа орж, 1-2 цагийн зайтай, цогцсуудыг гараараа өргөж зөөн ээлжлэн хөргүүрт хийдэг. Үүнийг хийсэн гэж надад нэмэлт цалин, урамшуулал олгодоггүй. Хүнд зүйл өргөж зөөснөөс шалтгаалан, нуруу өвддөг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *