Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас санаачлан хорих ангид хүмүүжиж байгаа хоригдолд хөдөлмөрөөр дамжуулан хүмүүжлийн эерэг нөлөө үзүүлэх, тэдний авьяас, ур чадварыг нээн хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилгоор “Ухаарахуй, урлахуй” уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг хоёр дахь жилдээ гаргажээ.


Тус үзэсгэлэнд бүтэн сийлбэртэй гэр, эсгийгээр хийсэн гар урлалын бүтээл, уран зураг, модон сийлбэр зэрэг 196 бүтээлийг дэлгэсэн байна. Үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн бүтээл бүр өөрийн гэсэн өнгө төрх, дурсамж, амьдралын түүхийг харуулж байгаагаараа онцлогтой юм.


“Ухаарахуй, Урлахуй-2” үзэсгэлэнг 2026.05.04-ний өдрөөс хойш 2000 орчим хүн үзэж сонирхсон бол 50 гаруй сая төгрөгийн уран бүтээлийг борлуулж, хүмүүжигч нарын дансанд шилжүүлснийг ШШГБ-ын дарга, хурандаа А.Намсаманд онцоллоо.


Түүнчлэн ШШГБ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран хорих ангиас суллагдсан гарын дүйтэй хүмүүсийг ажлын байраар хангах, жижиг дунд үйлдвэрлэлийн 20 хүртэлх сая төгрөгийн зээл олгох зэргээр дэмжиж ажиллаж байна. Үүний үр дүнд 2026 оны эхний 5 сарын байдлаар 120 хүнийг ажлын байраар хангажээ.
