МАН-ын зодоон эцэстээ том төслүүдээ татан унагаж эхэллээ


Сүүлийн 10 жил Монголын төрийг жолоодож байгаа МАН албан тушаалын төлөө зодолдож 2 жилийг өнгөрүүлсэн. Үүний үнэ өртөгийг ард түмэн инфляцаар дамжуулан төлж байна. Өдөр ирэх тусам амьдрал ахуй нь сөхөрсөөр байгаа ард түмнийх нь амьдрал, ирээдүй улс төрчдөд одоо бүүр ч падгүй болсныг гадаад зээллэг, түүний үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төслийг чуулганы хуралдаанаар унагааснаас нь харж болохоор байгаа юм.

Монгол улс эрчим хүч, бензин шатахуун гэдэг стратегийн бүтээгдэхүүний хувьд гадаадаас хараат байдлаар өнөөдрийг хүрлээ. Аливаа улс орныг хөгжил дэвшилд хөтлөх дээрх 2 бүтээгдэхүүнгүйгээр бид хөгжиж дэвших тухай ярих нь битгий хэл өнөө маргаашаа ч аргацааж амьдрах ч аргагүй болно.

Уг нь Монголчуудын  газар доорх газрын тосоо өөрсдөө боловсруулах нефтийн үйлдвэртэй болох мөрөөдөл аль 30 жилийн өмнөөс эхлэлтэй. 2000-аад онд газрын тосны үйлдвэр байгуулах тухай ярьж байсан улс төрчид өнөөдөр газрын тосны үйлдвэртэй болох улс үндэстнийхээ мөрөөдлийг уландаа гишгэлж байгааг нийтээрээ олж харах баримттай цаг үе одоо тохиож байна.

Дорноговь аймгийн Алтанширээд Энэтхэгийн засгийн газрын санхүүжилтээр газрын тосны үйлдвэр байгуулах тогтоол аль 2017 онд гарч байсан түүхтэй. Тухайн үеийн төлөвлөгөөгөөр Монгол улс 2024 онд газрын тосны үйлдвэртэй болж дотоодын бензин шатахууны хэрэгцээнийхээ 50 хувийг өөрсдөө хангах боломж бүрдэх байлаа. Гэвч Монголын төр ийм боломжийг хойш татсаар уг төсөл 20-30 жилээр хойш татагдах нөхцөл бүрдэж мэдэхээр боллоо.

Өнгөрөгч баасан гарагт чуулганы хуралдаанаар дэмжилгүй унагаасан гадаад зээллэгийн үр ашиглалтыг нэмэгдүүлэх хуулийн төсөлд Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлууд багтаж байсан юм. Гадаадын зээлээр барьж байгаа дээрх 3 төслийн зээлийн санхүүжилтын мөнгө уг нь аль хэдийнэ Монгол улсад ороод ирчихсэн. Бид энэ 3 төслийн зээлийн төлөлт болоод хүүнд жилдээ татвар төлөгчдийн мөнгөөр 60 тэрбумыг төлж байна. Зээлийг зээлийн хүүтэй нь тогтмол төлсөөр байгаа ч бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх мөнгийг парламент төсвийн хязгаарт тулсан нэрийн дор түгжсээр ирлээ.

Гэвч зээлсэн мөнгөө авчхаад зарцуулах эрхийг нь олгохгүй түгжиж байгаа шалтгаан нь үнэн хэрэгтээ төсвийн хууль биш. Харин улс төрчдийн зодоонтой холбоотой. Тэгээд бүр нэг намын буюу эрх баригч МАН-ын лидер хоорондын зөрчил өдгөө том төслүүдээ татан унагаах шалтгаан болж байгаа нь харамсалтай.

Мөн их үйлтэй еэ. Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт талдаа орчихсон. Одоо тоног төхөөрөмжүүдээ татан авах санхүүжилтээ түгжүүлчихээд хүлээлгийн байдалд шилжээд удаж байна.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ дэд төвийн төслүүд аль аль нь баригдаад эхэлчихсэн. Үргэлжлүүлэн барих мөнгө нь мөн л Монголд шилжсэн. Гэхдээ мөнгийг нь манай төр цоожилчихсон. Харамсалтай нь хэдэн их наядаар тоологдох бүтээн байгуулалтуудыг гацааж байгаа улс төрчдөд өдгөө  дээрх гацаанаас болж Монгол улс юу алдах нь сонин биш болжээ.

МАН-ын эрх баригчид Ерөнхийлөгчийн талынхан, Л.Оюун-Эрдэнийн талынхан гэдэг 2 фракцад хуваагдаж зодолдож байгаа нь нүднээ илхэн байна. Тэгвэл ялж байгаа талынхан явцуу эрх ашгийн үүднээс Л.Оюун-Эрдэнийн хөдөлгөж эхэлсэн төслүүдийг ашиглалтад оруулахгүй гэсэн амбицтай ч байж болох уу?

Эсвэл Сэлбэ дэд төвийн ажлыг Х.Нямбаатарын ажил гэдэг утгаар хойш татах ашиг сонирхол байна уу?

Эл хардлагуудын аль аль нь буруу  байж  болно. Ямартай ч Монголын ард түмнийг тог цахилгаантай, шатахуун түлштэй, утаагүй амьдрах боломжтой болгох алхмыг төрийн эрхийг барих дээд байгууллага ахин тодорхойгүй хугацаагаар гацаалаа.

Тэдэнд төрийн авсан зээлийг хүүтэй нь төлсөөр байгаа татвар төлөгчдийн нуруун дээрх ачааны жин үнэхээр сонин биш байна.

Монголчууд биднийг эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүний хараат байдалд үүрд үлдээж мэдэх төр засагтаа гомдоод суухаас өөр сонголт бидэнд байна уу?


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *