2010 он. Иргэн нь ч, төр нь ч хуримтлуулж мэддэггүй. Өрөөс айдаггүй. 2010 он хүртэл манай улс өр зээлд замбараагүй хандаж, зээл олдвол авч байлаа. 2009-2010 онд манай улс ОУВС-гийн “Stand by” хөтөлбөрт хамрагдах гэтэл нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангах хуультай болох шаардлага тавьжээ.
Ингэж Монгол Улс анх удаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай болж, өрийг хязгаарлах ёстойг улсаараа мэдэж, өрийн тааз гэгч ойлголттой болсон түүхтэй. Тэр үед өрийн таазыг 40%-иар тогтоосон. Гэсэн ч гадаадаас авсан зээлээрээ эдийн засгийн өгөөжтэй төслүүдэд зарцуулалгүй, зам тавьсан учраас 2016 оноос аюулын харанга дэлдэнэ гэж судлаачид үзэж байв.
2016 он. Тэр жилийн УИХ-ын сонгуулиар МАН 1 хүнд ногдох өрөөр ард түмнийг айлгасаар 76 суудлын 65-ыг нь авав. 3 сарын дараа 2016.09.09-нд МАН чуулганыг ээлжит бусаар хуралдуулж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т “Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх” гэсэн заалт оруулав.
МАН-ынхан нэгнийгээ л чадлаа
Өрөөр ард түмнийг айлгаж байсан МАН ийн 40%-иар хязгаарласан өрийг 60% болголоо. 2015 онд 58.3% байсан өрийн таазыг 2016 онд 26.7%-иар өсгөж, гадаадаас асар их зээл авч, ярьж байсныхаа эсрэг зүйл хийсэн юм.
2016 онд өрийн тааз 88%-д хүрч, тэнгэр баганадав. Түүнийг 2017 онд 85%, 2018 онд 80%, 2019 онд 75%, 2020 онд 70%, 2021 онд 60%-иас хэтрүүлэхгүй” байхаар төлөвлөлөө.
2021 он. Төсөв тодотгож, Засгийн өрийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2022 онд 70%, 2023 онд 65%, 2024 онд 60%-иас хэтрүүлэхгүй” гэж өөрчлөн, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-ийг засаж, өрийн таазыг дахиад өндөрлөсөн.
Өрөөр ард түмнийг айлгаж байсан МАН ийн 40%-иар хязгаарласан өрийг 60% болголоо
2025 он. Өрийн таазыг 2025 онд 55%, 2026 онд 50%, 2027 онд 45%-д барина.
Одоо. ОУВС-гийн сангийн шахалтаар өрийн тааз гэдэг үл үзэгдэх хэмжүүртэй болсон ч түүнийгээ сэм сэмхэн өндөрлөж, байнга өр нэмж тавьсаар ирсэн манай улстөрчид одоо яагаад ч юм бэ өрөөс айв. Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлах эсэхийг шийдэх санал хураалтаар уг хуулийн төслийг унагалаа.
Манай улс төсвийнхөө 75%-ийг урсгал зардалд үрдэг. Цалин, дулаан, цахилгааны төлбөр, бичиг хэргийн зардал болгоод гаргачихдаг. Сайд, дарга нарын тансаглал ч үүнд багтаж байгаа. Тэд тансаглалаасаа татгалзсандаа ингэсэнгүй. Өрөөс айсандаа уг төслийг унагасангүй. МАН-ынхан нэгнийгээ л чадлаа.
2023 онд 12.1 тэрбум, 2024 онд 39.4 тэрбум төгрөгийг гадаадаас авчхаад ашиглаагүй зээлийн шимтгэлд төлсөн байв. Өнгөрсөн оны төсөвт гадаад зээлийн ашиглалтын хэмжээ нийт 1.5 их наяд төгрөг байлаа. Ашиглах гэж зээл авчхаад, ашиглалгүй хүү төлнө гэдэг тэнэг хүний үйлдэл. Манай улстөрчид ийм л байна. Түүгээрээ Алтанширээд газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнд УЦС-аа байгуулсан бол хэрэгтэй л байлаа.
