Увс аймгийн оюутнуудын дунд “Upgrade Uvs” эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зохион байгуулагдав. Энэхүү уралдааныг “Идэш багш” хөгжлийн төв болон Увс аймгийн Өмнөговь сумын оюутны холбоо хамтран зохион байгуулсан ба шилдгүүдээ шалгарууллаа.
Энэ үеэр “Идэш багш” хөгжлийн төвийн үүсгэн байгуулагч, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, “Upgrade Uvs” уралдаан нь оюутнуудыг хооронд нь өрсөлдүүлж байгаа хэрэг биш. Судалгааны бүтээлийг хэрхэн чанартай хийх вэ, хувь хүн цаашдаа өөрийгөө яаж хөгжүүлж болох вэ гэдэгт нэг нэгнээсээ суралцаж, хамтарч ажиллах, эрдэмтэн докторуудаас зөвлөгөө дэмжлэг авах боломжийг нээж байгаа юм.

Эрдэмтэн судлаачид маань оюутан залуусын уралдаанд ирүүлсэн судалгааны бүтээлтэй танилцаж, шүүгээд өндрөөр үнэлснийг сонсох бахархам сайхан байлаа. Монгол Улсын ирээдүйг түүчээлэх оюутан залуус маань аливааг шинжлэн судалж, дүгнэлт боловсруулдаг болох, түүндээ тулгуурлан асуудлыг шинжлэх ухаанчаар харж, шийдвэрлэдэг байх нь зөв. Иймээс цаашид оюутан залуусын боловсролд хөрөнгө оруулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилласаар байх болно” гэлээ.
Уралдааныг “Техник технологи, инженерчлэл”, “Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан”, “Нийгэм, хүмүүнлэгийн ухаан”, “Санхүү, эдийн засаг”, “Анагаахын шинжлэх ухаан” гэсэн таван сэдвийн хүрээнд судалгааны материал хүлээн авч, хоёр үе шаттайгаар явуулсан. Эхний шатанд 30 оюутан бүтээлээ ирүүлснээс шүүгчдийн бүрэлдэхүүн зөвлөлдөж, шилдэг 10-ыг шалгаруулсан юм. Улмаар хоёрдугаар шатыг тавдугаар сарын 9-ны өдөр зохион байгуулж, шилдэг 10 оролцогч бүтээлээ танилцуулснаар шүүгчид ялагчдыг тодрууллаа.

Эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааны шилдгүүд,
- Тэргүүн байранд – МУИС-ийн Инженер, технологийн сургууль, Химийн инженерчлэлийн хөтөлбөрийн IV түвшний оюутан О.Нарангуа “Хүнд металл агуулсан хаягдал усыг био-түлшний элементийн (MFCs-Microbial Fuel Cell) технологи ашиглан цэвэрлэхийн зэрэгцээ цахилгаан эрчим хүч гаргаж авах боломжийн судалгаа” бүтээлээр,
- Хоёрдугаар байранд – ШУТИС-ийн Хүрээлэн буй орчны инженерчлэл хөтөлбөрийн III түвшний оюутан Ц.Баянзул, Ц.Чойдулам нар “Улаанбаатар хотод спонж хотын зарчмыг ашиглан үерийн эрсдэлийг бууруулах судалгаа” бүтээлээр,
- Гутгаар байранд – АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль V-р түвшний оюутан Ж.Алтанаран, III дамжааны оюутан Ц.Мядагмаа “Морин хуур хөгжмийн аялгуу туршилтын амьтны тархины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө” бүтээлээр шалгарлаа.



Шүүгчдийн бүрэлдэхүүнд, салбартаа манлайлагч, өндөр түвшний мэргэжилтнүүд болох Газарзүй, Гео-Экологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) А.Дашцэрэн, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн албаны дарга, МУИС-ийн багш, доктор (Ph.D) Г.Туяагэрэл, Хими, химийн технологийн хүрээлэнгийн Органик хими, технологийн албаны дарга, доктор (Ph.D) Б.Амарсанаа нар ажиллаж, судалгааны бүтээлүүдийг хараат бус, бодитоор үнэлж, дүгнэсэн юм.


