“NTV” телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн ээлжит дугаарт УИХ-ын гишүүн Ж.Баясгалан оролцлоо. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Сүүлийн үед ямар ажлууд дээр төвлөрч байна вэ гэдгээс яриагаа эхэлье?
-Өнгөрсөн 2025 оны 11 сарын 25-ны өдрөөс 12 сарын 25-ны өдөр буюу яг 30 хоногийн хугацаанд нэг өдөрт нэг аймаг гээд 21 аймгаа тойрсон. Энэ талаар дараа нь яръя. Ирсэнээсээ хойш хийж байгаа хамгийн гол 2 ажил маань Эд, эрхтэн, эс шилжүүлэн суулгах донорын ажлын хэсэг. Хуучин Донорын тухай хууль гэж байсан. Донорын тухай хууль илүү боловсронгуй болоод эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах нь тусдаа. Цусны донорын хууль болж байгаа юм. Цусны донорын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Тиймээс маш завгүй өдрүүд өнгөрлөө. Ажлын хэсэг, ажлын дэд хэсэг нийт 19 удаа хуралдсан байна. Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа нарын анх өргөн барьсан энэ хуулийг УИХ-аар батлуулах ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд нийт 90 гаруй хувийн засвар, өөрчлөлт, шинэчлэлт, найруулгыг хийсэн. Өнгөрсөн 7 хоногийн 4 дэх өдрийн чуулганаар эхний хэлэлцүүлгээ хийсэн. Эхний хэлэлцүүлэг дээр гишүүдээс санал аваад дөрвөн хэсэг дээр гүйцээн боловсруулах чиглэл авсны дагуу өнөөдөр /өчигдөр/ ажилласан. Ер нь бол хууль санаачлах. Хоёдугаарт, санаачилсан, өргөн баригдсан хуулийг УИХ дээр авч орж батлуулах бас нэг хэсэг байдаг. Тэгэхээр өнөөдөр хамгийн их хэрэгтэй байгаа зүйл бол донорын асуудал. Нэгдүгээрт амьтай донор, амьгүй донорын тухай яриа байна. Хоёрдугаарт, цусны донорын асуудал байдаг. Цусны донор гэдэг бол нэг хүн цусаа нэг удаа өгснөөрөө хамгийн багаар бодоход 3 хүний амь насыг аварч байдаг. Тэгэхээр энэ бол маш чухал. Хойш нь тавьж болохгүй хуулийн төсөл байгаа. Тиймээс энэ дээр цаг нар, оюун ухаан бүх юмаа л зориулаад ажиллаж байна. Тэгээд сайн багтай учраас бас энэ ажил маань маш сайн явж байгаа.
-Өнгөрсөн 7 хоногт танай хуулийн хэлэлцүүлгийг би харсан. 60 гаруй санал дээр санал хураалт явуулаад 60 гаруй асуудал дээр гишүүд саналаа өгч байна билээ. Тэгэхээр энд ямар том хэмжээний өөрчлөлтүүд орж байгаа нь харагдаж байна. Сүүлд манайх донортой холбоотой асуудлаар сурвалжилга бэлтгэсэн. Их хүлээлттэй байгаа юм билээ. Зарим хүмүүс энэ хуулийг хараад донортой холбоотой асуудлыг нэг талдаа гаргаж, олон нийтэд ашигтай байдлаар яваасай гэсэн хүсэлтэй байгаа юм билээ. Та бүхний хуулийн ажилд амжилт хүсье ээ.
-За баярлалаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах асуудал манайд яригдаагүй биш олон жил яригдсан. Таныг урьж оролцуулсан үндсэн 4 сэдэв байна. Нэгдүгээрт, Хууль эрх зүйн хүрээнд, бодлогын хүрээнд юуг өөрчилж, юун дээр алдаад байгаагаа бид олж харах ёстой юм бэ. Хоёрдугаарт хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зүйлийг би танаас хөндөж асуумаар санагдаад байна. Бид хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зүйлийг орхиод тэр хүмүүст квот заагаад өгчихсөн байдаг. Гэхдээ тэр нь амьдрал дээр хэр хэрэгждэг вэ гэдэг ч юм уу. Энэ асуудлыг бид нар яръя. Мөн хүртээмж. Хүртээмж гэдгийг та манай үзэгчдэд дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөрэй. Хүртээмжийн хувьд Монгол Улс яг ямар түвшинд байгаа юм бэ. Бид юун дээр анхаарахгүй өнгөрч байна. Төрийн байгууллагууд болон ААН-үүд хоорондоо аль аль нь уялдаа холбоотой явах ёстой зүйл байх. Бас боловсрол ялангуяа технологи хөгжиж байгаа энэ цаг үед хөгжлийн бэрхшээлтэй хүнийг боловсруулж, яг энэ цаг үеийн тулгамдсан мэргэжлүүдээр ажиллахад ямар зүйлүүд дээр ямар бодлогоор явж болох юм бэ гэдэг зүйл дээр таныг байр сууриудаа илэрхийлэх байх гэж бодож байна. Нөхцөл байдлыг би танаас асууя. 2 жил гишүүнээр ажиллалаа. Хууль эрх зүйн хувьд ер нь Монгол Улс ямархуу байна. Өөрчлөх зүйл байна уу. Эсвэл хууль байгаа хэрнээ хэрэгжилт нь байхгүй байна уу?
-Яг зөв баярлалаа. Хамгийн гол асуудал энд л байна л даа. Анх намайг УИХ-д орж байхад Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн тоо 880 байсан. Гэтэл одоо 900 гаруй болсон. Байнга хэрэгждэг дүрэм, журам, хууль гэвэл өнөөдөр Монголд 330 орчим байна. Яг мөрдөгдөж байгаа гэсэн үг. Өмнө нь их хурлын гишүүдийн хоорондоо өрсөлддөг байсан нэг үзүүлэлт нь хэн нь олон хууль батлуулсан бэ, хэн нь олон хууль санаачилсан бэ гэж явдаг байсан шүү дээ.
-Тайлан дээрээ бичдэг байсан. Хууль батлуулаад бас санхүүгийн дэмжлэгүүд авдаг?
-Тийм. Гэтэл яг үнэн хэрэгтээ энэ тийм чухал биш гэдгийг өнөөдөр бид нотолж байна шүү дээ. Бид Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай маш сайхан хуультай. Сайн хуультай шүү. Бас бид НҮБ-ын конвенцод нэгдсэн. Энэ 2 том юм байхад бид өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх хангагдаж байгаа юу гэдэг асуудлыг ярих хэрэгтэй. Ямар ч хуулийн хэрэгжилт байхгүй. Хэрэгжүүлэхгүй байгаа тэр явцад тавигдах арга хэмжээ, хариуцлага байхгүй. Хариуцлагын тогтолцоо байхгүй учраас энэ хуулиуд маань огтхон ч хэрэгжихгүй байна. Жишээлбэл, Улаанбаатар хот гээд бодъё л доо. О.Саранчулуун гишүүн санаачлаад бид 2 хамтраад “Гэрээсээ гаръя” аяныг хэрэгжүүллээ. Нийслэлийн Засаг даргыг тэр арга хэмжээндээ оролцуулж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 87 хувь нь гэр хороолол буюу орон нутагт амьдардаг. Ердөө 13-хан хувь нь орон сууцад амьдардаг гэсэн тоон үзүүлэлт байдаг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ямар нэг арга хэмжээ авахын тулд нэгдүгээрт гэрээсээ гарах хэрэгтэй байдаг. Тэгэхээр эндээс л бүх зовлон эхэлдэг. Эндээс л бүх хуулийн хэрэгжилт эхэлдэг. Эндээс л бүх дэг журам, хүртээмжийн асуудал эхэлдэг. Нийслэлийн Засаг дарга “Хоттой танилцъя” гэдэг аяныг хамтарч хэрэгжүүлсэн. Хотын хамгийн гоё хэсэг болох Сүхбаатарын талбай дээгүүр нэвт алхаад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв рүү очсон. Энэ хүртээмжийн тухай үзүүлэх гээд байгаа байхгүй юу. Гэтэл үүнийг дахиад л улс төр болгож байна. Үгүй ээ. Энэ чинь Монгол Улсад байгаа хамгийн хүртээмжтэй, хамгийн сайн дэд бүтэцтэй цэг нь тэр. Гараад зам гарахын тулд Багшийн дээдийн нүхэн гарцан дээр очиж байгаа юм. Нүхэн гарцанд налуу зам байхгүй. Тэр шатаар “Өргөөд буулгая аа” гэнэ ээ. Уучлаарай. Хөгжлийн бэрхшээлтэй хүний гол шаардлага юу юм. Хэний ч оролцоогүйгээр өөрөө үйлдлээ хийгээд бие даан амьдрах шүү дээ. Гэтэл тийшээ хүн өргөж яваад унавал яах вэ. Энэ хуулийн хэрэгжилт хэрэгжихгүй байгаагийн уршиг юу юм бэ. Зөвхөн тэр хүн биш байхгүй юу. Тэр хүний хажууд байгаа хүмүүс тэр дарамтад орж байгаа байхгүй юу. Өргөж байгаа хүмүүс. Зүгээр алхаж болох байсан шүү дээ. Зүгээр явчхаж болох байсан. Гэтэл заавал тэр хүнийг өргөх хэрэгтэй болно. Тэр хүний хүч хүрэх үү, үгүй юу. Эрсдэл үүсчихдэг. Тэгэхээр энд дахиад өөр хохирогчид байгаа биз. Бид зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүнээр хардаг байсан бол тэднийг асран халамжилж байгаа хүн, гэр бүл нь давхар хүчирхийлэлд өртөж байдаг байхгүй юу. Товчхондоо бол, бид нүхэн гарцаараа гарч чадаагүй. Гэрлэн дохиогоор гарсан. Автобусанд суухдаа дундуур тавцан тавиад орсон. Гэтэл дунд карт уншуулдаг юм байдаггүй. Автобуснаас буугаад Сүхбаатарын талбай дээгүүр явахад налуу зам байхгүй учраас хойш нь ухрааж буулгадаг, өргөдөг. Хуулийн хэрэгжилтийг ярих гээд байгаагийн гол юм нь энэ. Хүртээмжтэй байсан бол ямар ч асуудалгүй байх байсан. “Гэрээсээ гаръя” биш “Хотын төвийг шалгая” гэсэн чинь хамгийн хүртээмжгүй болж хувирсан. Хамгийн гоё хэсэг нь ийм байгаа юм чинь гэрээсээ гарах асуудлыг яриад ч хэрэггүй.
-Манай үзэгчид таны хэлсэн “Гэрээсээ гаръя” гэдэг агуулгыг төсөөлөөд үзмээр санагдаж байна. Хэрвээ танай орон сууцнаас, танай хашаанаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гараад ямар нэгэн төрийн үйлчилгээ авах. Эсвэл нийгмийн харилцаанд оръё оо гээд бодоход ямар нөхцөл байдалтай байна вэ гэдгийг дор бүрнээ төсөөлж үзэх хэрэгтэй.
-Энэ нь өөрөө хуулийн хэрэгжилттэй л холбоотой. 21 аймгаар явлаа. 21 аймаг дотор ганцхан аймаг л төрийн захиргааны төв байгууллагадаа хүртээмжтэй байна.
-Ямар аймаг вэ?
-Булган аймаг. Шинэ баригдсан ордондоо лифттэй. Аль ч өрөөнд, аль ч давхарт орох боломжтой. Бүх аймгууд гаднаа налуу зам хийсэн байна билээ. Мэдээж сайшаалтай. Гэхдээ дотор нь ороод 2 давхарт гарах гэхээр дахиад л нөгөө шат байдаг. Энэ чинь дахиад л эрсдэл үүсдэг. Үүнийг, би нүд хуурсан, дүр эсгэсэн стандарт гэж хэлээд байгаа юм. Гаднаасаа болж байна. Эмнэлгүүд рүү орохоор ихэнх эмнэлэг болж байна. Гэтэл бас дахиад л зарим аймгуудын эмнэлэг болохгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хамгийн анхан шатны хэрэгцээ эмнэлэг шүү дээ. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн биш. Өндөр настан орно. Монгол Улсын 10 хувь. Бас гэмтэж, бэртээд эмнэлэгт очсон хүн орох гэхээр орж чаддаггүй. Хүүхдээ тэрэгтэй нь түрсэн ээж, тээшээ чирээд явж байгаа гаднын жуулчид гээд олон хүнд энэ асуудал тулгардаг. Товчхондоо, бид сайхан хуультай боловч хэрэгжилт байхгүй. Түрүүн та хэлж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйл. Энэ нь анх 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гуайн гаргасан 28 дугаар зарлиг байсан. Үүн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулах тухай байсан. Энэ агуулга дараа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 140-д ороод одоо 144 дүгээр зүйлд орсон байгаа. 25-аас дээш ажиллагсадтай албан газар 25 хүн тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулна. Авч ажиллуулаагүй тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлбөр төлөх ёстой.
Энэ хуулийн заалт Хөдөлмөрийн тухай хуульд орчихсон хэрнээ дахиад л хэрэгжилт байдаггүй. Гишүүн болсноосоо хойш Л.Энх-Амгалан сайдтай ярьсаар байгаад 2025 оныг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгоно гэж зарлуулсан. Энэ хүрээнд бүх аймгуудаар дахиад явж, сургалтуудыг хийсэн. Үүний үр дүнд хөдөлмөр эрхлэлт 3,7 хувиар нэмэгдсэн.

-Нийтдээ 18,1 гэдэг хамгийн сүүлийн судалгааг би олж харсан?
-Яг тийм. Энд дахиад л хуулийн хэрэгжилт байхгүй. 2025 онд төрийн байгууллагууд 49 хувьтай, хувийн байгууллагууд 53 хувьтай хуулийн хэрэгжилтийг биелүүлж байгаа гэсэн тоо байдаг. Хангалтгүй байгаа биз дээ. Хуулийг 100 хувь хэрэгжүүлэх ёстой биз дээ. 100 хувь биелүүлэх ёстой. Гэтэл тэр нь өөрөө хангалтгүй. Ялангуяа төр өөрөө дүлий байгаа нь бүр хангалтгүй. Дээр нь энэ хууль хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөдөлмөр эрхлэлтээр дамжуулаад нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах нь л чухал. Тэр мөнгийг төлөхөөс илүү тэр хүнийг нийгмийн амьдралд оролцуулах нь чухал. Гэтэл дахиад л энэ дээр хуулийн хэрэгжилт байхгүй. Тэгэхээр хуулийг шинээр бичье гэхээсээ илүү байгаа хуулиудаа хэрэгжүүлээч ээ гэдэг шаардлагыг л тавих нь илүү чухал болж байна.
-Та бид 2-ын яриа хөдөлмөр эрхлэлт рүү орчихлоо. Уг нь хүртээмжтэй холбоотой зүйлийг яръя гэж бодсон юм. Монгол Улсад 107 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байна гэдэг бүртгэл 2024 оны дараах байдлаар гарсан байна. Үүнээс 18,1 хувь нь л хөдөлмөр эрхэлж байна. Гэтэл тэр 107 мянган хүний бараг 90 хувь нь хөдөлмөр эрхлэх боломжтой гэдэг судалгаа байна. Хөдөлмөр эрхэлнэ гэдэг нь тэр хүмүүсийг ажил хийлгэх гээд байгаадаа гол нь биш. Нийгмийн харилцаанд оруулах. Хоёрдугаарт, тэр хүмүүсийг улсаас тэтгэмж харахгүйгээр амьжиргаагаа дээшлүүлэх боломжийг олгох зүйл шүү дээ. Гэтэл ийм байдлаар нугалаа гараад асуудалтай болчихоод байна. Энэ асуудал дээр квотоо хараад “Та нар үүнийгээ шийдээч ээ” гээд суугаад байх ёстой юу. Ямар арга барил, ямар шинэ шийдлүүд байж болох вэ?
-Хөдөлмөр эрхлэлтийг ярихын тулд халамжийн тухай эхлээд ярих хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэхээр танд юу бууж байна. Халамжийн тухай ойлголт орж ирж байгаа биз. Хөгжлийн бэрхшээлтэй юм чинь халамжид хамрагдах ёстой гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүмүүс халамж гэж хардаг. Гэтэл дотроо 2 хэсэг байгаад байна. Байнгын асаргаа шаардлагатай. Хуучнаар хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Тэд халамжаа аваад, төрдөө хайрлуулаад, халамжлуулаад адилхан амьдрах ёстой. Нөгөө хэсэг буюу асаргаа шаардлагагүй, хөнгөн хэлбэрийн хүмүүс нийгмийнхээ харилцаанд орж, сурч боловсорч, ажиллаж, бусадтай адил ялгаварлан гадуурхагдахгүйгээр амьдрах хэрэгтэй. Тэгэхээр энэ хэсэгт зориулсан асуудлыг одоо хоёулаа ярих гэж байна. Энэ хэсэг бол дийлэнх хэсэг нь байгаа. Энэ хүмүүс хөдөлмөр эрхлэлтээр дамжуулаад яах ёстой вэ гэхээр яг таны хэлснээр нийгмийн харилцаанд оруулах нь чухал байдаг. Энэ хүмүүсийн хувьд хөдөлмөр эрхлэлт маш үнэ цэнтэй. Яагаад гэвэл, эрүүл хүн нэг саванг хэдэн цагийн дотор хийх вэ. Гэтэл бэрхшээлтэй хүн тэрийг хийх гэж ямар их цаг хугацааг зарцуулах вэ. Энэ 2-ыг харьцуулах боломжгүй. Эндээс энэ хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг яаж дэмжих ёстой юм бэ гэдэг асуудал гараад ирж байгаа юм. 2027 оны төсвийн төсөөлөл дээр 2,8 их наяд төгрөг халамж гэдэг ангилалд ороод ирж байна. Гэтэл хүмүүс үүнийг харахаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэд хавтгайрсан халамжтай гэж ярьдаг. Халамжийн мөнгө, хүн ам зүйн бодлогын мөнгө 2 тусдаа байх ёстой. Гэвч халамжийн мөнгөний 70 хувь нь хүн ам зүйн бодлогын мөнгө байдаг. Одонтой ээжийн мөнгө, 0-3 нас хүртэл хүүхдээ харж байгаа эхийн мөнгө, хүүхдийн мөнгө. 30 хувь буюу 2,8 их наяд төгрөгийн 600 тэрбум нь л хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан байдаг. Энэ тоонуудыг харахаар хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс маань харьцуулагдаад гараад ирдэг юм. Хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг дэмжих асуудал дээр ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэтэл 2025 онд ажлын байрыг нэмэгдүүлж чадаагүй. Таны хэлсэн тоо баримт дээр маш бага нэмэгдсэн. Яагаад гэхээр энд олон алдаа байдаг юм байна л даа. Сонгон шалгаруулалтын хувьд гэхэд нэг авсан хүн болон ТББ дахиж авч болохгүй, дараагийн бизнес авна. 10 сая төгрөг хүртэл авна. 50 хувийг нь буцааж төлнө. Хугацаа нь богино байдаг учраас авсан мөнгөөрөө үйлдвэрээ байгуулах гэж байтал зээлийн төлөлт эхэлдэг. Энэ мэт нөхцөл байдлаас болоод нөгөө үйлдвэр нь цаашаа явж чаддаггүй юм байна. Хоёрдугаарт, авсан зээл нь үйлдвэр барих хэмжээнд хүрдэггүй юм байна. Хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжээд өгвөл ямар ч асуудал алга. Мөн ажиллах хүч байхгүй байна гэж маш их яригддаг. Нөгөө талд ажил байхгүй байна гэж ярьдаг. Яг бодит байдал дээр харахаар “Ажилд авна” гэдэг зар нь “Ажилд орно” гэдэг зараасаа илүү байдаг. Яг ажлын байран дээр яваад очихоор ялгаварлан гадуурхалт гарч ирээд байгаа юм. Цахимаар анкет аваад яваад очингуут нь харагдах байдлаар нь ялгаварлан гадуурхдаг. Иймэрхүү байдлаас болоод хөдөлмөр эрхлэлт нэмэгдэхгүй байна. Төрийн бодлогын зүгээс маш сайн дэмжиж өгөх хэрэгтэй. Халамж гэж хардагаа болих хэрэгтэй. Өнгөц хараад хөдөлмөр эрхлэх боломжгүй гэж боддог. Үгүй шүү дээ. Боломжтой. Яг энэ асуудалтай уялдуулаад хэлэхэд, хөдөлмөрийн чадвар алдалт гэж биднийг дүгнэдэг. Би гэхэд хөдөлмөрийн чадвараа 95 хувь алдсан. Гэтэл би хөдөлмөр эрхлээд явж байна. Би өнөөдөр хууль тогтоох дээд байгууллагад УИХ-ын гишүүн хийгээд явж байна. Би хөдөлмөрийнхөө чадварыг биш хөдөлгөөнийхөө, үйлдлийнхээ чадварыг алдчихаад байгаа байхгүй юу. Энэ ойлголтыг хүртэл оруулж өгөх хэрэгтэй. Өнөөдөр би тэрэгтэй нааш, цааш явж л чадахгүй байгаа болохоос биш миний тархи 100 хувь ажиллаж байна. Аутизм, дауны хам шинжтэй хөнгөн хэлбэрийн оноштой ямар агуу хүмүүс бидний дунд байдаг билээ. Хамгийн энгийн жишээ Моцарт гэдэг хүнээр бид мэднэ шүү дээ. Мундаг зураачид байна, жүжигчид байна бүгд тийм эмгэгтэй. Гэтэл тэр нь давуу тал болж байдаг. Ажил дээр ч ялгаагүй.
-Хөдөлмөр эрхлэлт дээр би нэг мөнгөн дүнг тодотгож асуумаар байна. 4 тэрбум орчим төгрөгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлэх байдлаар өгч байгаа. Хэрвээ ажилд аваагүй бол гэсэн үг. Энэ мөнгөн дүн ААН-үүдээс бүрэн гүйцэд орж, ирж чадаж байна уу?
-Чадахгүй. Миний өмнө хэлсэнчлэн 40 хувь, 50 хувь гэдэг чинь байхгүй юу. Жил болгон өөр байгаа. Одоо би яг цээжээр мэдэхгүй байна. Гэхдээ 2017 онд гарсан даруйдаа 600 сая төгрөг цугласан байдаг. Бага багаар нэмэгдэж явсаар хамгийн их 2020 онд байсан. 9.3 тэрбум төгрөг. Дээд тал нь 11 тэрбум хүртэл цугласан. Өнгөрсөн 2025 онд 9.8 тэрбум төгрөг цугласан байсан. Энэ мөнгийг хөдөлмөр эрхлэлтэд зарцуулж чадвал чамгүй юм хийж болно. Гэтэл өнгөрсөн оныг хүртэл энэ мөнгө хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтэд зарцуулагдаагүй явсан. 2024 оныг хүртэл тусдаа биш нэг дансанд хуримтлагддаг байсан. Тэр байтугай 2020 оны үед шалгахад, БНСУ-д ажиллах ажиллагсдын хэлний бэлтгэлд хүртэл зарцуулагдсан байгаа юм. Энэ бас л нөгөө хуулийн хэрэгжилтийн асуудал. Энэ мөнгөө хөдөлмөр эрхлэлтдээ зарцуулчих. Тэгвэл хөдөлмөр эрхлэлт дээр боломжтой гэсэн үг.
-Хөдөлмөр эрхлэлт дээр би танаас асуухад хууль байна, квоттой. 25 хүртэлх ажиллагсадтай бол 1 хөгжлийн бэрхшээлтэй хүнийг аваад ажиллуулах ёстой. Нөгөө талдаа төр ийм зүйл дээр анхаармаар санагдаад байгаа. Компаниудад ийм хуулийн заалтын дагуу авах хүсэл байна. Гэхдээ онцлогт нь тохирсон ямархуу ажил байх уу, тэр ажлын байранд нөгөө хүмүүсээ яаж дадлагажуулах уу, яаж тэр ажил дээр урт удаан хугацаанд ажиллах уу гээд энэ заавар чиглэл бас дутагдчихдаг юм болов уу гэсэн бодол байна?
-Тийм. Яг тэгдэг. Энэ дээр нөгөө тохируулгатай ажлын байр дутагдчихаад байна. Хоёрдугаарт, хүн гэсэн сэтгэл дутагдаж байгаа. Төр яагаад энэ дээр дутуу ажиллаад байгаа юм бэ. Өнөөдөр төсөв орж ирэхэд аль ч байгууллагын төсөв дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулаагүй бол гэдэг хүсэлт байдаггүй. Тэрийгээ тусгадаггүй гэсэн үг байхгүй юу.
Дээр нь хувийн байгууллагууд шал өөр шүү. Хувийн байгууллагуудыг би магтмаар байдаг. Ялангуяа, томоохон төслүүд, уул уурхайн компаниуд хамгийн сайн хэрэгжүүлдэг. Ажлын хэсгээс шалгах гээд очиход, Эрдэнэс Тавантолгой, Энержи Ресурс гээд бидний муулаад байдаг эд нар маань хуулийг 100 хувь хэрэгжүүлээд ажиллаж байдаг. Төлбөрөө төлчихдөг, дээр нь нэмээд ямар ажлын байр бий болгох вэ гэж ярьж байгаа. Энержи Ресурсынхантай Ухаа худаг дээр очоод бид ярилцаад нэг амжилтад хүрсэн. Одоо тэр ажил маань хийгдээд удахгүй ажлын байр бий болох гэж байгаа. Тэнд яах вэ гэхээр эргээд очингуут нөгөө төлбөрөө төлчихдөг боловч ажлын байр бий болгож чадаагүй байна гэдэг ойлголтод хүрсэн байна шүү дээ. Тэгэнгүүт ямар ажлын байр бий болгох уу гээд маш олон уурхайчид байдаг учраас энд 8 массажчин ажилладаг хараагүйчүүдийн массажны төв хийе, тэгвэл 8 массажчин маань Хөдөлмөрийн тухай хуулиар амралттайгаа зохицуулагдахаар 24 хүн тэнд ажиллах боломжтой болж байгаа. 24 хүн ажиллах юм бол нэгдүгээрт цалин хөлс нь уурхайчдын хэмжээний өндөр авна. Хоёрдугаарт тэр хүмүүс яг ажлын байран дээрээ очиж найз нөхөдтэй болох, харилцаанд орох гээд, миний хүсээд л байгаа юм энэ. Ажилд авна гэдэг чинь ерөөсөө авч байгаа цалингаасаа түрүүлээд нийгмийн харилцаанд орж байгаа асуудал л маш их чухал.
https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fntvmn%2Fvideos%2F1521513316024422%2F&show_text=0&width=560
-Тэгэлгүй яахав.
-Тийм. Анх гэмтсэний дараа би яг л эвэр туулай шиг л байдаг байсан. Өөрийгөө тэгэж дүгнэдэг байсан. Гудамжаар явахад хүмүүс эргэж хараад л сайн, муу хэлээд л. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс харьцангуй нийгмийн асуудал, харилцаанд ордог болсноос хойш тэр асуудал арай багасаад байгаа. Одоо та ч гэсэн анзаарч байгаа байх. Одоо харааны бэрхшээлтэй иргэд маш их оролцдог болсон. Телевиз, нэвтрүүлгүүд маань хүртэл доороо хүртээмжийн асуудлыг шийдээд, мэдээнүүд хүртэл ядаж дохионы хэлмэрчтэй явдаг болсон байна шүү дээ. Бага зэргийн ахиц гарч байгаа. Энэ дохионы хэлмэрч гэдэг чинь дахиад л ажлын байр. Гэтэл зарим тохиолдолд ажлын байран дээрээ хүн нь хүрэхгүй тохиолдол байгаа. Ажлын байр хангалттай байгаа боловч бэлтгэгдэх боловсон хүчин хангалтгүй байна.
Хөдөлмөр эрхэлж байгаад хөгжлийн бэрхшээлтэй болсон би халамжаас бус нийгмийн даатгалаас халамжаа авдаг. Харин яг халамжийн мөнгөөр амьдарч буй хүмүүсийн хувьд маш хэцүү.
Тооцоо бодъё. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн байлаа гэж бодоход 477 мянган төгрөгийн тэтгэмж авч байна. Тэр хүнийг асран хамгаалж буй хүний талаар би ноднин уйлан барин ярьсан. Сард 302 мянган төгрөг авдаг байлаа. Харин одоо нэмэгдээд 328 мянган төгрөг болсон. Гэхдээ энэ мөнгөөр өнөөдөр хэдэн кг мах авах вэ. 10 кг ч мах авч хүрэхгүй. 302 мянган төгрөгийг сард хуваавал өдөрт 10-хан мянган төгрөг. 10 мянган төгрөгөөр та юу хийж чадах вэ. Өвчтэй хүнээ яаж асрах вэ.
Асран хамгаалагч гэдэг бол 24 цагийн турш тасралтгүй ажилладаг цор ганц ажил шүү. Тэр хүн хэзээ ч дуудна, хэзээ ч өвдөнө. Энэ гэр бүл сая хүрэхгүй төгрөгөөр яаж амьдрах вэ. Тийм учраас байнгын зээлтэй, байнгын өртэй амьдарч байгаа. Эндээс сэтгэл гутрал гэх мэт дараа дараагийн өвчнүүд нэмэгдэж байдаг. Асран хамгаалагчдын хамгийн хэцүү нь өвчтнөө гэж явсаар байгаад өөрсдөө хамгийн сүүлийн шатанд очиж өвчнөө илрүүлдэг.
-2024 оны сонгуулиар таныг УИХ-ын гишүүнээр сонгогдож орж ирсний дараа Төрийн ордныг шат зэргийг засаж янзаллаа. Харамсалтай юм даа?
-Харамсалтай. Төрийн ордон доторх хүртээмжийг ярих гэхээр маш хэцүү байдаг. Ний нуугүй хэлэхэд, иргэн Ж.Баясгалан л хүсээд байгаа юм шиг хардаг. Гэтэл Ж.Баясгалан өөртөө зориулж байгаа юм огт биш. Энэ чинь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн асуудал л байгаа шүү дээ.
Та мэдэж байгаа бол хэдхэн хоногийн өмнө би тэр налуу зам дээр унасан. Өмнө нь би тэрүүгээр явдаг л байсан. Яагаад гэвэл маш болгоомжтой явдаг. Налуу зам нь миний тэрэгний дугуйнаас хоёрхон хуруу зай гардаг байхгүй юу.
https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Freel%2F1672369357405748%2F&show_text=0&width=476
-Стандартгүй?
-Ямар ч стандартгүй. Гэхдээ бүх юмыг нэхэж чадахгүй байгаа учраас би ямар ч байсан ажлаа хийх нь чухал. Би суудлаасаа үгээ хэлж болно. Гэхдээ тэр нь ялгаварлан гадуурхалт. Бүх индэрт очиж хэлж байхад би яагаад тэнд хэлэхгүй байгаа юм. Үүнийг давахын тулд би индэр рүү бууж байгаа. Саяны тохиолдолд манай туслах гэнэ алдаад тэнд унаж байгаа юм. Унахад бас хүртээмжийн асуудал яригдаж эхэлж байна. Тэрнээс өмнө яриад хэлээд л байсан.
Ерөнхийлөгчийн ивээл дор 2025 оны сүүлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулган болсон. Тэр чуулган дээр тэргэнцэртэй эмэгтэй ирээд илтгэл тавих болсон. Гэтэл Төрийн ордны Их Монгол танхимын тайз руу гаргах боломжгүй байсан. Дахиад манай туслахууд тэр тэрэгтэй хүнийг өргөж гаргаж байгаа юм. Тиймээс л хууль тогтоогчдын маань нүд нь онгойгоосой гэж хүсээд байгаа юм шүү дээ.
-Сая Төрийн ордны асуудлыг ярилаа. Биднээс хол сум, орон нутагт нөхцөл байдал ямар байна вэ?
-Би гишүүн болсноосоо хойш 21 аймгийг хоёр удаа, гишүүн болохоос өмнө дөрвөн удаа тойрсон. Гишүүн болсноос хойш 200 гаруй сумаар орсон байна. Хүн бүр өөр. Дорнод, Сүхбаатарт байгаа хүн өөр. Хаа байсан Баян-Өлгий аймгийн Толбо суманд байгаа хүн өөр. Тэнд хөгжлийн бэрхшээлтэй хүний хүртээмж ор тас байхгүй гээд л бодчих. Суманд юу ч байхгүй. Тэр шороон зам дээгүүр тэрэгтэй хүн яаж явах юм. Харааны бэрхшээлтэй хүн яаж явах юм. Нохой хуцах чимээгээр л баримжаагаа авч байна шүү дээ. Хүний туслалцаатай явъя. Гэтэл асран хамгаалагч нь дахиж ажил хийхгүй байгаа учраас л цалин, халамж дээр хүртээмж яриад байгаа шүү.
Гэхдээ хүртээмжтэйгээ тэмцэж буй газрууд байна. Өмнөговь, Сүхбаатар аймаг маш их анхаарал тавьж байна. Аймаг бүрийн төсөвт жил бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төсөв тусдаа орж ирдэг. Жишээлбэл Орхон аймагт 528 сая төгрөгийн төсөв байна. Гэтэл зарим аймагт 40 сая, 80 сая гээд янз бүр байгаа. Тэр битгий хэл, 20 сая ч байгаа.
Тэгвэл 20 саяын төсөвтэй аймгийн иргэд “Болж байна, юм хийгээд байна” гэдэг. Харин хамгийн их өргөдөл гомдол ирсэн аймаг нь Орхон аймаг. Би хамгийн сүүлийн орон нутгийн томилолтоо ялгаварлан гадуурхалтын эсрэг хийсэн. Яагаад тэргэнцэртэй хүн 21 аймгийг тойрч болохгүй гэж. Энэ үед зориулалтын зам талбайгүйгээс болж тэрэгний маань дугуй зургаан удаа хагарсан. Мөн байнга өргөж, эргэж тойрч явснаас болоод амьсгалын өвчин дахин хөндөгддөг. Машин тавих зайгүй хол зайд явснаас болж даарах асуудал үүсдэг. Тиймээс 21 аймгаар явж буй нь хүртээмжийг л шалгаж байгаа юм.
Харин дараагийн удаа ирэх есдүгээр сард хүртээмжийн асуудлыг хөндөж явна. Зөвхөн тэрэгтэй хүн бус харааны бэрхшээлтэй, суга таягтай, сонсголын бэрхшээлтэй хүн надтай хамт явна. Эхний ээлжинд гэр, эмнэлэг, сургууль, дэлгүүр мөн орон нутгийн захиргааг шалгана. Ерөөсөө хүртээмжгүй бол та Монгол Улсад байхгүй гээд бодчих.
-Төсөв дээр нь асууя. 477 мянга дээр нэмэх нь 330 мянга буюу сая хүрэхгүй төгрөг авч байна. Дээрээс нь ажил хийх боломжгүй. Энэ төсвийг нэмэх боломжгүй гэдэг ч хулгай зэлгий гаарч байна шүү дээ?
-Хулгайг эхлээд саяар, 100 саяар, тэрбумаар ярьдаг байсан бол сүүлдээ их наядаар нь яриад, юу вэ л болж байна. Би үүнийг гайхдаг. Ноднин би 137 тэрбум төгрөгөөр тэтгэмж нэмж өгөөч гэж гишүүдээс маш их гуйсан. Дийлэхээ болиод зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнх нь тэтгэмжийг 20-хон хувиар нэмүүлсэн. Гэтэл цаана нь Оюу толгойн асуудал яригдаж байна. Оюу толгой бол маш хаалттай. Зэсээ хэдэн төгрөгөөр борлуулдаг нь хаалттай. Бид үүнийг мэддэггүй. Яагаад гэвэл тэр нь Засгийн газрын нууцад орсон байдаг. Бид өдөрт 10 орчим тэрбум төгрөгийн зээлийн хүү төлж байна гэж ярьдаг. Энэ мөнгөний хэдхэн хувиар л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэх бүрэн боломжтой. 10 сарынх нь хүүгээр тэтгэврийг 1.5 сая төгрөг болгох боломжтой. Гэхдээ бүгдийг нь 1.5 сая болгох нь буруу. Илүү төлсөн нь илүү авдаг байх ёстой.
Тэтгэвэр, тэтгэмж нэмье гэвэл төрд боломж нь бий. Хулгайгаа л больчих. 30 жил хулгайллаа, одоо боллоо шүү дээ. Өнөөдрөөс эхлээд хулгайлахгүйгээр амьдаръя л даа. Тэгье гэвэл би 100 хувь дэмжинэ.
Хууль зүйн сайд байсан хүн нь хэдэн тэрбумын хулгай ярьдаг ч энийгээ нотолдоггүй. Тэгвэл энэ хулгайгаа ярихаа больё л доо.
-Тэгвэл одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмүүлэхийн тулд 2027 оны төсөвт ямар асуудлыг оруулах гэж байна вэ?
-Нэгдүгээрт, ямар ч тохиолдолд амжиргааны баталгаажих түвшингөөс дээр байх ёстой. Өнгөрсөн хугацаанд бид юу ярьсан бэ гэвэл төсөөллөөрөө инфляцыг тооцдог. Гэтэл бодит байдал дээр шал өөр. Бодит байдал дээр тулгуурлаж тэтгэвэр тэтгэмжийг нэмэх ёстой. Энэ шаардлагыг би Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны дарга, Ерөнхий сайдад хүргүүлсэн.
Одоо долоодугаар сарын 15-наас өмнө гишүүдээс санал авч байгаа. Энд би бүгдийг нь инфляцын түвшинтэй уялдуулж нэм гэсэн шаардлагыг хүргүүлсэн. Инфляцтай уялдуулж жил бүр нэмээд байх нь хамгийн зөв алхам.
Дараагийн асуудал бол хүнээ зөв тоолох ёстой. Хүнээ тоолж чадахгүй байгаа юм чинь амжилтад хүрэхгүй. Өнгөрсөн жил 112.117 хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэсэн тоо гарч ирсэн. Гэтэл яг өнөөдөр ГБХНХ-ын сайдын хэлж буйгаар, Монгол Улс 118 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэж тогтоосон байна.
-Тэгвэл энэ 118 мянган хүний 80-90 хувь нь хөдөлмөр эрхлэх боломжтой гэж байна. Энэ хүмүүсийн оролцоо хэр байдаг юм бэ. Юун дээр нь анхаарах ёстой юм бол?
-Орчноо мэдэрдэггүй л дээ. Яагаад гэвэл ямар нэг юм болоход цахимаар мэдээллээ хүргэдэг. Та сард 302 мянган төгрөг авч байгаа бол датагаа татаад хангалттай мэдээллээ авч чадах уу. Чадахгүй учраас мэдээллээсээ хоцордог. Хөдөлмөр эрхлэх боломжтой олон хүн байдаг ч ийм байдлаар оролцож чаддаггүй. Тэгэхээр мэдээллийн хүртээмжийн асуудал дахиад яригдаж байна.
Барилга, хот байгуулалтын яамнаас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг орон сууцжуулах” хөтөлбөр зарлагдаж байна. Энд хөнгөлөлттэй нөхцөлөөр орох хүмүүс маань оролцоно гэнгүүт зөвхөн цахимаар явагдана гэж байгаа. Байнгын хороон дээр сайдаас нь асуунгуут “Монгол Улсад цахим систем хэрэглэдэггүй хүн байхгүй” гэсэн. Үгүй ээ, харин эсрэгээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дунд цахим хэрэглээтэй хүн нь цөөн байдаг юм аа. Бүртгэлдээ цахимаар орж чадахгүй хүмүүс нь яах юм гэдэг асуудал үүсэж байна.
-Амжиргааны хувьд та бүхэн судалгаа хийж үзсэн үү. Хөгжлийн бэрхшээлтэй болон асаргаатай байгаа хүмүүсийн амжиргааны нөхцөл байдал нь хэр хүнд байдаг юм бэ. Төр саяхан судалгаа хийж, тоолсон гэхээр гайхаад сууж байна л даа?
-Тоон дээр дандаа зөрүү гардаг. Статистик, Эрүүл мэндийн яам, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам тус тусдаа нэг тоо гаргачихдаг. Харин саяхан надад “За ингээд гурвуулаа нийлээд ямар ч байсан тоогоо гаргаж чадлаа” гэж албан ёсоор хэлсэн. Тэгэхээр тоогоо тоолж чадахгүй нь бас аймар эмгэнэлтэй байна л даа. Амьдралын түвшингийн хувьд бол яалт ч үгүй амжиргааны доод түвшингээс доогуур түвшин байна.

-Хэдэн хувь нь ч гэх юм уу, багцаа тоо байх уу?
-Энэ оны нарийвчлан тоо гараагүй. Тиймээс тэрийг шууд тоогоор хэлэх боломжгүй. Гэхдээ 70-аас илүү хувь нь гэж тооцоход болж байгаа. Яагаад гэвэл угаасаа авч байгаа тэтгэвэр тэтгэмжүүд тийм хэмжээнд байгаа учраас л тэр.
-Тиймээс л оролцоог нь нэмээд, хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийн хөдөлмөрийг нь эрхлүүлээд нийгмийн харилцаанд нь оруулж ирээд цалин орлоготой болгох. Нөгөө талд нь сая таны хэлдэг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй адилтгах хэмжээний нэмэгдлийг өгөх ёстой юм болов уу гэж хувь сэтгүүлчийнхээ хувьд энэ асуудлыг таниас асуугаад байгаа юм. Та бүхний хамгийн түрүүнд анхаарах ёстой хоёр зүйл бол хүүхэд, хөгшид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Төр гэж байгаад татвар төлж байгаа бол үүн дээр л анхаарах ёстой юм шиг санагдаж байна. 2027 оны төсвөөсөө л эхлэх байх
-Төсвөөс эхэлнэ. Төсөв дээр саналаа өгчихсөн байгаа.
-За боловсролын асуудлыг яръя. Хөгжлийн бэрхшээлтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг заавал тусгай сургуульд сургадаг. Дээрээс нь хүүхдэд оногдох хувьсах зардал гээд олон асуудлууд байна. Боловсролын хувьд ямар тулгамдсан асуудлууд байна вэ?
-Яг наад асуудал чинь манай бүлэг дээр орж ирсэн. Боловсролын сайд танилцуулга хийсэн. Өнөөдөр тулгамдаж байгаа маш олон асуудал байдаг. Нэгдүгээрт, хүүхдэд тусгай хэрэгцээт боловсрол эзэмшүүлж байна. Энэ нь хоёр янз. Байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүд. Тэр нь сэтгэцийн өвчтэй хүнд хэлбэрийн ба хавсарсан оноштой. Ийм хүүхдүүд яалт ч үгүй тусгай сургуульдаа сурахаас өөр аргагүй. Монгол Улсад зургаан сургууль байгаа. Жишээ нь, бидний мэддэг 25 дугаар сургууль. Нэг хэсэг хүүхдүүд нь энд сурч байна. Нөгөө хүүхдүүд маань ердийн сургуульд жирийн хүүхдүүдтэйгээ нэг ангид суралцах тэр боломжийн асуудал явж байгаа. Энэ бол маш зөв. Мэдээж асаргаа шаардлагагүй, хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн хүүхдүүдтэй суралцаж найз нөхөд болж бие биеийгээ ойлгож, сурах нь хамгийн зөв байдаг. Үүнийг заах багш нар 10 хувийн нэмэгдэлтэй байдаг. Гэтэл 10 хувийн нэмэгдэл авч байгаа багш арга зүйн хувьд дахиад дутагдалтай болчихдог. Заах арга зүйн хувьд шүү. Хэрвээ тэр ангид олон хүүхэд ороод ирвэл нөгөө багш маань аль талдаа илүү сургалтаа заах вэ гэдэг арга барил дээрээ алдаа гаргаж байдаг. Хоёрдугаарт, тэр хүүхдүүд маань сураад төгслөө гэж бодъё. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд амьдрах арга сургадаг, тусгай хэрэгцээний боловсрол. Гэтэл ЭШ өгөх болонгуут энэ дээр дахиад зөрчилдөөн гарч ирдэг. Дараагийн сургуульдаа сурах болохоор. Энэ дээр яаж шалгалтаа өгөх вэ. Тиймээс тохируулгатай шалгалт авах хэрэгтэй. Харааны бэрхшээлтэй хүүхэд өөр, сонсголын бэрхшээлтэй хүүхэд өөр. Дээр нь гараараа бичиж чадахгүй, хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхэд өөр. Сэтгэцийн бэрхшээлтэй хүүхэд өөр. Энэ болгон дээр асуудал гарч ирээд цаашаа сурах боломж нь энд хамгийн их хумигддаг. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурах боломжгүй байдаг. Хэрвээ та санаж байвал надтай цуг нэвтрүүлэгт орж байсан хүүхэд ярьж байсан. Өөрөө сэтгэл зүйч болох хүсэлтээ боловч ЭШ өгч чадаагүй учраас цаашаа сурах боломжгүй болчихлоо гэж. Үүнийг бүлгийн хурал дээр Боловсролын сайдаас дахиад асуусан. Сайд энэ асуудалд онцгой анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлсэн. Одооны сайдын хувьд Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Боловсролын сайд хийж байсан учраас ядаж л тусгай хэрэгцээт боловсролын талаар мэдлэгтэй болов уу гэж бодож байна.
Саяхан гурван яам хамтраад энэ талаараа бас хэлэлцүүлэг хийсэн. Мөн Их, дээд сургуульд ороход дахиад л нөгөө асуудлууд үүсэж эхэлдэг. Би хүртэл энийг биеэрээ туулсан шүү дээ. Би 2017 онд гэмтээд тэрэгтэй болчихсон. 2018 оноос эхлээд эрхзүйгээр сурах гээд хөөцөлдсөн ч сургууль олдохгүй байсан. Учир нь тэрэгтэй очоод буугаад орох хэрэгцээ надад байсан. МУИС-д орох гэсэн ч Хууль зүйн сургууль нь, тэнхим нь гурван давхартаа хичээллэдэг байсан. Тиймээс шатны асуудлаас болж орж чадаагүй. Ингээд 2022 онд Худалдаа үйлдвэрийн их сургуульд орсон. Тэднийх нэг давхартаа танхимтай, налуу замтай. Дээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн орсон учраас хуулийн танхимаа маш гоё бэлдсэн байсан. Надтай адилхан бас нэг оюутан байсан. Ингээд бид хоёрт зориулаад анги дотроо амрах өрөө хүртэл гаргасан. Энэ нь зөвхөн Баясгаланд зориулсан биш, хөгжлийн бэрхшээлтэй оюутанд зориулагдсан. Улмаар сургууль маань дундаасаа МУИС-тай нэгдсэнээр би МУИС-ийг төгссөн. Намайг анх ороход маш цөөхөн оюутан байсан бол төгсөх үед 103 хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэр сургуульд сурсан. Тэрэгтэй, харааны бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй маш олон хүүхэд сурсан. МУИС зарим салбар сургуулиа хүртээмжтэй болгосон. Гэхдээ бүгдийг нь чадаагүй. Номын сангаа хүртэл хүртээмжтэй болгосон. Харааны бэрхшээлтэй хүүхдүүд ордог “Чимээгүй номын сан” хүртэл гарч ирсэн. Ингээд хөгжөөд байдаг. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд чүү ай л Ерөнхий боловсролоо авч чадаж байна. Энэ нь маш харамсалтай. Цаашдаа бид яах вэ. Гэтэл зарим нэг хүмүүс бүгдийг нь цуг суулгах ёстой юм шиг ойлгоод байгаа. Үгүй ээ. Энд чинь ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүд байгаа учраас хүнд хэлбэрийн хүүхдүүд сурдаг сургууль байх ёстой. Энэ асуудлаар би Боловсролын сайдад өгсөн албан бичигтээ бичсэн байгаа. Тодруулбал, 21 аймагт арга зүйч бэлдэж өгөөч гэх саналаа бичсэн. Тэгэхгүй бол 21 аймгийн багш нар хүүхдүүдтэй яаж харьцахаа, ажиллахаа ойлгохгүй байна. Сургууль болгон дээр 6 орон тоо гаргачих. Ингэснээр зургаан сургууль дээр 18 багштай болчихно. Тэр 18 багш нь 21 аймаг, 9 дүүргийн сургуулиудын багү нарт сургалт ороод арга зүйг нь олгоё. Ингээд арга зүйг нь олгочихвол багш хүүхэдтэйгээ ажиллах боломжтой болдог. Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ сургуульд өгсөн эцэг эх маш том юм хүлээж байгаа. Гэтэл сургуульд сургах боломж нь хязгаарлагдмал байдаг. Энэ дунд бас дахиад асуудал үүсдэг. Сая 29 дүгээр тусгай сургууль дээр “Чимээгүй хашгираан” гээд хийсэн. Гэтэл хэдхээн сарын дараа эцэг эхчүүд нь “Чимээтэй хашгираан” гээд хийсэн. Сургууль дээр очоод уулзангуут хүүхдүүд “Манай сургууль дээр үе тэнгийн дээрэлхэлт байхгүй. Манай сургуулийн багш нар хичээлээ сайн заадаг. Бид гоё байна” гэдэг. Гэтэл эцэг эхчүүд нь “Манай хүүхдүүд юу ч сурсангүй. Бичиг үсэг тайлагдаж чадахгүй төгсөж байна” гэдэг асуудал ярьдаг.
-Чанарын асуудал яригдаж байна?
-Чанарын асуудал, стандарт. Сургууль боловсрол гэдэг зүйлийг яагаад ингэж чухалчлах ёстой вэ гэхээр, хэрвээ боловсрол олгохгүй бол дагаад ажилгүйдэл явна. Хүүхдэдээ боловсрол олгохын тулд ажил хийх ёстой эцэг, эхчүүд ажлаа хийж чадахгүй болсноор таны хэлдгээр амжиргааны түвшний хувьд асуудалд орно. Тэр хүүхдүүдийн, хүмүүсийн мэдлэгээс гадна бас амжиргаатай холбоотой зүйл байгаад байна
-Стандарт, хүртээмж гээд та бид хоёрын яриа болгон дээр гарч байна. Төсөв, сургууль, хотод ч гарч байна. Би нэг зүйлийг ерөөсөө гайхаад барахгүй байна. Төсвийн хөрөнгөөр маш олон барилгууд баригдаж байна. Баригдаж байгаа барилгыг Улсын комисс хүлээн авч байна. Энэ дээр нь яагаад хатуу шаардлага тавьж болдоггүй юм бэ. Би одоогоос 3 жил орчмын өмнө нэвтрүүлгээ эхлэхийн өмнө шагайгаа мултлаад хоёр суга таягтай сар гаруй болсон. Тэр үед надад ямар ч газар руу ороход хүндрэлтэй байсан. Зөвхөн хоёрхон сарын хугацаанд?
-Дахиад л нийгмийн хариуцлага. Үүнийг биелүүлэхгүй бол ямар хариуцлага хүлээх юм. Энэнээс л хамаг юм шалтгаалаад байна. Хэн ч хэзээ ч хариуцлага хүлээгээгүй учраас одоо болтол энэ асуудал засагдахгүй байна. Саяхан би ХББОСЯ-наас “Танай дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдсөн, стандарт хангаагүй хэдэн барилга байгууламж бүртгэгдсэн бэ. Хэдэн гомдол шийдсэн бэ” гэхэд “Нэг ч бүртгэгдээгүй. Нэг ч гомдол шийдэгдээгүй” гэж хариулсан. Сонин байгаа биз. Бүгд шаардлага хангаагүй хэрнээ шүү. Гадна талдаа налуу замтай. Гэтэл дотроо ороод л 2,3 шаттай. Ингээд л хүртээмжгүй байдал. Монголын нэлээн том компани, нэлээн үнэ цэнэтэй хотхон. Гэтэл тэр хотхон дотор би ороод ОО-ынх нь өрөөнд тэрэгтэй орж чадаагүй. Хаалгаар нь багтдаггүй. Энд стандарт алга. Хэрвээ гадны оронд байсан бол энийг хэрэгжүүлэх явц нь байх байсан биз. Гэтэл манай дээр хариуцлагын систем гэж алга.
-Та хууль тогтоогчийн хувиар УИХ-д ороод ирсэн байна. Бас төлөөлөл байна. Яг энэ хариуцлагын системийг суулгахын тулд ямар ажил хийхээр зорьж байна. Эндээс л эхлэх ёстой юм бишүү?
-Яг зөв.
-Стандартаа бариагүй, хууль дээр бичигдсэн зүйлээ биелүүлээгүй, албан байгууллага, дарга, захирал, дүүргийн Засаг дарга, ИТХ-ын даргад нь хариуцлага тооцоё л доо. Эндээс л эхлэе. Та юу гэж бодож байна?
-Хариуцлага тооцдог системийг хэрэгжүүлмээр байна. Гэтэл энэ дээр дахиад л хууль санаачлах болно. Уг нь хууль гэдэг чинь Цагаан дээр хараар бичсэн байдаг. Хориглосон зүйлийг хийгээд байгаа хүмүүст арга хэмжээ авах. Төрийн өмчит компаниуд ч ялгаагүй. Энэ асуудлыг ярьсаар байгаад улиг болж бйна. Орж ирэх болгондоо л хариуцлага ярьж, шаарддаг. Одоо биелүүлээгүй бол ямар арга хэмжээ авах вэ гэдгийг хууль болгон дээр оруулдаг юм уу хаашаа юм. Жишээ нь, үүнийг биелүүлээгүй бол тэчнээн төгрөгөөр торгоно. Хэрвээ торгуулиа төлөхгүй бол ямар арга хэмжээ авах вэ гэдэг ч юм уу тэ. Үүний цаана л нөгөө, авлига хээл хахууль чинь яваад байна. Тодруулбал, торгуулийнх нь 50 хувийг өөртөө аваад хэрэгждэггүй юм яваад байна. Тэгэхээр хэрэгжүүлээгүй бол яах вэ гэдэг дээр л журам гаргах ёстой.
-Энэ мэт асуудлаа шийдэхгүй бол манай төрийн дарга, сайд дарга нар “Хүн төвтэй улс” гэж яриад хэрэггүй. Хэрэгжүүлтлээ хүн бол Засгийн газрын хамгийн том МЕГА төсөл байна гэдэг зүйлийг ярихгүй байх хэрэгтэй. За цаашдаа төр, засаг ямар асуудалд илүү анхаарах хэрэгтэй байна?
-Маш аюултай юмнууд байна. Жишээ нь, Сүүлийн үед сэтгэцийн өвчин, эмгэг, хавсарсан хүнд хэлбэрийн эмгэгтэй, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо маш их нэмэгдэж байгаа. Энэ хүүхдүүд бага балчир байхдаа нэг хүний асаргаа, нэг хүний хараа хяналт дор байж чаддаг. Насанд хүрэх үйл явц нь хамгийн хүнд. Тухайлбал, бэлгийн бойжилт гүйцэт ирэх үе нь хүнд. Энэ бол ярьж болохгүй сэдэв. Энэ тоо одоо хамгийн бага үе дээрээ байна. 5 жилийн дараа огцом нэмэгдэнэ. Дахин, дахин нэмэгдэнэ. Одоо байгаагаасаа хэд дахин нэмэгдэнэ. Энэ үед төр засаг ямар арга хэмжээ авах юм. Миний сүүлийн үед ярьж байгаа хамгийн гол зүйл энэ. Бид үүнд бэлэн байх ёстой. Аюул тулгарахын өмнө бэлэн байхгүй бол аюул тохиолдсоны дараа энийг засах гээд ч засах боломжгүй болно. Жилдээ 7000-8000-гаар нэмэгдэх тэр хүүхдүүдийн асуудлыг яах вэ. Насанд хүрээд ирэхэд нь нэг хүн дийлэхээ байдаг. Хоёр хүн тэр хүнийг асрах хэрэгтэй болно. Бэлгийн бойжилт нь гүйцээд ирэхлээр тэр үед ямар асуудлууд гарч ирэх вэ. Жирийн хүн, хүүхэд тестостероноо спортоор хичээллээд гадагшлуулж байдаг. Бэлгийн ажлаас гадна. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй, хүнд хэлбэрийн хүүхдүүд тэгэж гадагшлуулах боломжгүй. Гэтэл тэр тестостероныг гадагшлуулах өөр шаардлага гарч ирдэг. Үүнийг олны өмнө ярих зохимжгүй. Гэхдээ тийм хэцүү үе бидэнд ирэх гэж байгаа. АНУ-ын Ерөнхийлөгч хүртэл “Даун, аутизмын эмгэг 28 хүн тутамд нэг болж байна” гэж хэлж байна. Монгол Улсад ч ялгаагүй. Энэ тоо өдрөөс өдөрт өсөж байгаа. Тэгэхээр бид хууль эрхзүй, хүртээмжийн хувьд бэлдэх ёстой.
Хоёрдугаарт, хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болгодог тэр юмнуудыг байлгамааргүй байна. Хүнсний аюулгүй байдал, утаа, түгжрэл, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг. Хүний дундаж давхарга дээшлэх тусам хүн ам зүйн сэтгэл эрүүл байдаг. Дундаж давхарга доошлох тусам тэнд ядуурал явагдаж байдаг. Тэрийг дагаад бэрхшээлтэй болох тэр боломжууд илүү их нэмэгдэж байдаг. Тэгэхээр энэ эрсдэлийг л багасгахыг зорьж байна.
-Ер нь гэр бүл салалтын түвшин их өндөр байдаг гэж сонсож байсан. Нөхцөл байдал ямар байдаг юм бэ?
-Өндөр байдаг. Ялангуяа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асран хамгаалагчдын хувьд энэ бол маш их байдаг. Мэдээж тоон судалгаан дээр бол хүүхдээ харж байгаа ээжүүдийн тоо хамгийн их байдаг.
-Ээжүүд л хүүхдээ хараад үлддэг байх нь байна шүү дээ?
-Мэдээж энэ дунд аавууд байгаа. Гэхдээ яалт ч үгүй тоон судалгаагаар ээжүүд илүү байдаг. Би яагаад 21 аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний Хөгжлийн төв байх ёстой гэж үздэг вэ гэхээр, Аав ээж хоёр хүүхдээ тэр төвд аваачиж өгөөд хүүхдийг нь асарч, хүмүүжүүлж, сургаж байх хооронд өөрсдөдөө цаг гаргах боломж бүрдэнэ. Сурах, эрүүл мэндээ үзүүлэх, ажиллах, найз нөхөдтэйгээ уулзах хэрэгцээгээ хангана. Ингэснээр гэр бүлийн бат бэх байдал ч буцаад нэгдэж байдаг. Тэгэхгүй өдөр болгон хүүхдийнхээ төлөө явж байгаа байдлаасаа бол стрессдэнэ, гэр бүлийн зөрчил үүснэ.
Хатуугаар хэлэхэд, мэдэгдэхгүй ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэн бол гэр бүл дотроо дахиад л хүчирхийлэгч болж хувирч байдаг. Учир нь бусдынхаа эрх ашигт дандаа нөлөөлнө. Жишээ нь, Би өөр дээрээ бодож тэгэж дүгнэдэг юм. Манай эхнэр намайг тэр бүр орхиод гарч чаддаггүй. Өөрийнхөө дуртай бүжгэндээ ч явж чаддаггүй. Өөрөө тусдаа сургуульд сурч чадахгүй байна. Надтай цуг эрхзүйгээр цуг сурч байна. Магадгүй тэр хүн өөрөө сэтгэл зүйгээрээ сурмаар байж болно. Гэтэл намайг орхиж чадахгүй байна. Би тэр хүний хүчирхийлэгч болчихоод байгаа юм. Хүүхдүүд маань хичээл тараад хамгийн түрүүнд гэртээ ирдэг. Үеийнхэнтэйгээ адилхан PC орж тоглож чаддаггүй. Яагаад гэвэл аавыг ирэхэд тусална гэж ярьдаг. Ийм асуудлууд байдаг. Тэгэхээр л энэ хэрэгцээг хангахын тулд бид нарт хөгжлийн төвүүд маань хэрэгтэй байгаа юм.
-Сэргээн засах төв?
-Тийм. Сэргээн засах төв. Баянхонгор аймаг жишээ нь тийм төвтэй. Жижиг төвүүд байна л даа. Тэнд хүүхдээ өгөөд хөнгөн хэлбэрийн хүүхэд нь эдгэчихсэн тохиолдлууд байна. Тусгай сургуульд явдаг байсан хүүхэд тэнд явж байгаад жирийн сургуульд орчихсон ч байна. Аав ээжүүд “Хүүе манай хүүхэд сурдаг юм байна. Манай хүүхэд эрүүл болж байна шд. Чадаж байна шд” гээд урам авч байна.
-За баярлалаа.
Нэг хүний асуудал биш шүү.
-Тэгэлгүй яахав.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг бол хөгжлийн бэрхшээлтэй гэр бүл болж хувирдаг. 118 иргэн гэж байгаа бол энэ нь 118 өрхийн асуудал.
-За баярлалаа. 2027 оны төсөвт тэтгэмж, энэ асрамжийн тэтгэмжтэй холбоотой асуудал, дээрээс нь энд олгогдож байгаа 478 мянган төгрөг гэдэг зүйлийг нэмэхийн төлөө ажиллаарай. Хоёрдугаарт, хүртээмжтэй холбоотой асуудлыг хуулийн хүрээнд ч юм уу эсвэл одоо байгаа хуулийнх нь хүрээнд хариуцлага тооцдог системийг ажиллуулахын төлөө ажиллаарай. Танд одоо мөс хагалах гэдэг шиг том үүрэг оногдсон байгаа байх. Таны цаашдын ажилд амжилт хүсье. Урилга хүлээн авсан танд баярлалаа.
-За баярлалаа.
