JCI Монгол байгууллагын CYE төсөл хариуцсан захирал Э.Бат-Амгалантай STARTUP Mongolia-2026 улсын уралдааны Bootcamp үеэр тус арга хэмжээ болон олон улсад гарааны бизнесээ гаргах боломжуудын талаар товч ярилцлаа.
-Startup Mongolia улсын уралдаан болон CYE хөтөлбөрийн зорилго нь юу вэ? Одоо ямар шатанд явж байна?
Инновац, шинэ технологид суурилсан гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг дэмжих зорилготой “STARTUP 2026” улсын уралдаан зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус уралдаан нь оролцогчдод бизнесийн санаагаа бодит төсөл болгон хөгжүүлэх, мэргэжлийн менторууд болон туршлагатай бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авах, цаашдын санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжид холбогдох нөхцөлийг бүрдүүлдгээрээ онцлог юм. Энэ уралдааны ялагчдыг JCI Creative Young Entrepreneur буюу CYE нь дэлхийн 120 гаруй орны JCI байгууллагууд хэрэгжүүлдэг залуу бизнес эрхлэгчдийг дэмжих олон улсын хөтөлбөрт хамруулдаг. JCI Монгол байгууллага энэ хөтөлбөрийг улсын хэмжээний уралдаан хэлбэрт оруулан Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газартай хамтран хэрэгжүүлдэг.

-2026 оны уралдаан ямар онцлогтой вэ?
Энэ жил нийт 128 баг бүртгүүлсэн. Бүртгэгдсэн оролцогчид бизнес санааны өргөн цар хүрээг харуулж, технологийн шийдлүүдээс эхлэн уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн чухал асуудлыг шийдвэрлэх санаачлагуудыг дэвшүүлсэн. Монголын залуу бизнес эрхлэгчдийн идэвх, сонирхол жилээс жилд нэмэгдэж байгааг энэ тоо гэрчилж байна. Эхний шатны шалгаруулалтын дараа шилдэг 20 баг тодорч, чадавхжуулах хөтөлбөрт хамрагдах эрхээ авсан. Энэ 20 баг зүгээр л шалгарсан төдий бус pitch, бизнес загвар, зах зээлийн дүн шинжилгээ зэрэг олон шалгуураар үнэлэгдсэн шилдгүүд.
–Шилдэг 20 баг хөтөлбөрт яг юу хийх вэ?
Чадавхжуулах хөтөлбөрийн хүрээнд шилдэг 20 баг мэргэжлийн менторуудтай ажиллаж, бизнес загвараа боловсронгуй болгоно. Pitch хийх ур чадвар, санхүүгийн төлөвлөлт, зах зээлийн судалгаа, хөрөнгө оруулагчтай харилцах арга зүй зэрэг практик сургалтуудад хамрагдана. Энэ хөтөлбөр зүгээр нэг лекц биш бодит кейс дээр суурилсан, менторуудтай биечлэн ажилладаг эрчимтэй хөтөлбөр. Чадавхжуулах хөтөлбөрийг дуусгасан баг зөвхөн мэдлэг биш бодит сүлжээ, харилцаа холбоо, нөөцтэй гарна гэдгийг онцолмоор байна. Тавдугаар сарын 16-ны өдөр чадавхжуулах хөтөлбөрт хамрагдсан багууд илтгэл танилцуулж, санхүүжилт авах зургаан баг, олон улсад өрсөлдөх гурван багийг шигшэх болно. Ирж үзэхийг хүссэн хүн бүрт нээлттй шүү.
–Ялагч багуудад ямар боломж нээгдэх вэ?
Уралдаанд амжилттай оролцон, эхний байруудад шалгарсан нийт зургаан багт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас 50 хүртэлх хувийн эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр нийт 99 сая төгрөгийн санхүүжилт олгоно. Улмаар Монголын шилдэг гурван баг JCI-ийн олон улсын CYE уралдаанд улсаа төлөөлөн оролцоно. JCI нь 120 гаруй оронд салбартай, дэлхийн хамгийн том залуучуудын байгууллагуудын нэг учир энэ боломж маш үнэ цэнтэй. Ази, Номхон далайн бүсийн чуулганд ялагчаар шалгарвал арваннэгдүгээр сард зохион байгуулагдах JCI Дэлхийн чуулганд 120 гаруй орны төлөөлөлтэй өрсөлдөх эрх ч нээгдэнэ. Мөн энэ боломжийг JCI Монгол байгууллага Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газартай хамтран бүтээж байгаа нь төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааны сайн жишээ болж байгаад талархаж байна.
–Монголын залуу стартапуудад хамгийн том сорилт юу вэ гэж та үздэг вэ?
Санхүүжилтийн хомсдол бол тодорхой сорилт. Гэхдээ олон залуус санхүүжилтээс илүүтэй зах зээлээ таниагүй, бизнес загвараа баталгаажуулаагүй байхдаа хөрөнгө оруулагч хайж эхэлдэг. Бид CYE хөтөлбөрөөр дамжуулан энэ дутагдлыг нөхөхийг зорьдог. Асуудлаа зөв тодорхойлж, шийдэлдээ итгэлтэй байх хэрэгтэй. Ингэж чадвал залуу бизнес эрхлэгчдэд олон улсын тавцан ойрхон байна.
