Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслүүдийг түргэвчилсэн горимоор хэлэлцэж батална


Өнгөрсөн 7 хоногт гадаад зээллэгийн үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төслийг парламент дэмжээгүй билээ. Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл, Сэлбэ дэд төвүүдийн санхүүжилтын зардлыг төсвийн алдагдалд оруулж тооцохгүй байх уг төслүүдийн зээлийн санхүүжилт ороод ирчихсэн ч зарцуулах эрх нь үүсэхгүй байгаа билээ. Тэгвэл энэ удаа засгийн газар уг төслөөс Сэлбэ дэд төвийн санхүүжилтыг хасаж ахин өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслийг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэнийг байнгын хорооны хурал руу түргэвчилсэн горимоор хэлэлцүүлэхээр оруулсан байна.

Монгол Улсын Засгийн газар 308 төсөл, арга хэмжээнд 10.4 тэрбум ам.доллар буюу 33.4 их наяд төгрөгийн төслийн зээлийн хэлэлцээр байгуулснаас өнөөдрийн байдлаар 6.1 тэрбум ам.доллар буюу 19.6 их наяд төгрөгийн хөрөнгийг ашиглаж 4.3 тэрбум ам.доллар буюу 13.8 их наяд төгрөгийн ашиглаагүй үлдэгдэл байгаагийн 38 хувь нь буюу 5.3 их наяд төгрөг нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдийн үлдэгдэл санхүүжилт байгааг онцолсон юм.

Өнөөдрийн төсвийн хязгаарлалттай нөхцөл байдлаас шалтгаалж гадаад зээлийн эх үүсвэртэй төслүүдийн гэрээний дагуух шаардлагатай санхүүжилтийн дөнгөж 22 орчим хувийг улсын төсөвт тусгаж байгаа нь хэрэгжилтийн гол хүндрэл болж байна. Хэрэв зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэхгүйгээр энэ түвшин хэвээр үргэлжилбэл зарим төслийн хэрэгжилт дунджаар 5-10 жилээр хойшлох, зардал нэмэгдэх, өрийн үйлчилгээний төлбөр нэмэгдэх бодит эрсдэл үүссэнтэй адил нөхцөл үүснэ. Хэдийгээр энэ онд 18 төсөл хэрэгжин дуусаж байгаа боловч шинээр эхлэх төслүүдийн гэрээтэй холбоотойгоор зээлийн ашиглагдаагүй үлдэгдэл ирэх онуудад ч өндөр хэвээр байх хандлагатай байна. Иймд Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын болон эрх зүйн зохицуулалтыг оновчтой болгох шаардлага үүссэн гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдаж байлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар 2026 онд Газрын тос боловсруулах үйлдвэрийн хувьд 1.5 их наяд төгрөг, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн хувьд 324.1 тэрбум төгрөгийн ашиглалт буюу нийт 1.8 их наяд төгрөгийн санхүүжилт гарснаар төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хэлэлцээрийн хугацаанд багтаан ашиглалтад оруулах, зээлийн үйлчилгээний төлбөр тэр дундаа хөрөнгө баталгаажуулсны төлбөрт төлөгдөх 104.1 тэрбум төгрөгийг хэмнэх нөхцөлийг бүрдүүлнэ. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэглээний 55 хувийг хангаж жил бүр 1.0 тэрбум ам.доллар дотооддоо үлдэх, Эрднэбүрэнгийн усан цахилгаан станцын хувьд баруун бүсийг 100 хувь эрчим хүчээр хангаж жил бүр 17.5 тэрбум төгрөг дотооддоо үлдэж, импортын цахилгаан эрчим хүчийг орлохоор байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *