Ж.Сандагсүрэн үү, Б.Пүрэвдагва уу?


Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, дараагийн хотын даргад нийслэлийн МАН-ын бүлгийн дарга Ж.Сандагсүрэнг нэр дэвшүүлэхээр санал нэгджээ. Түүний нэрийг хотын хуучин дарга асан Х.Нямбаатар санал болгосон байна.

Тэгвэл МАН-аас нийслэлийн засаг даргад Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэхээр болсон гэнэ. Түүнийг МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал санал болгож буй сурагтай. Б.Пүрэвдагва Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүргэн болох шахсан удаатай.

Тэгэхээр Ж.Сандагсүрэн, Б.Пүрэвдагва хоёрын нэг нь нийслэлийг удирдах эрхийн төлөө өрсөлдөхөөр болж байна. Өрсөлдөөн яггүй ширүүн болох нь дамжиггүй. Нийслэлийн МАН-ын хорооны дарга нь одоохондоо Х.Нямбаатар. Түүний талынхан тус хороонд дийлэнх олонх. Х.Нямбаатарын бүлэглэл одоо нийслэлийн ИТХ, МАН-ын хороонд хамгийн хүчтэй, бас олуулаа. Нийслэлийн засаг даргад нэр дэвшигч дээр санал хураавал Ж.Сандагсүрэн сонгогдох магадлал өндөр.

Тэд нийслэл гэдэг том айлд эзэн суух эрхийн төлөө тэмцэлдэж эхэллээ

Ардын намыг орон нутгийн сонгуулиар нийслэлд удирдан орж, 40 суудалтай болгосон гавьяа Х.Нямбаатарынх. Тэр ч утгаараа тэрхүү 40 хүний 16 нь түүний хүмүүс. Д.Сумъяабазарын гэх 16 хүн уг нь бий ч өнгөрсөн хугацаанд тэд Х.Нямбаатарт тал засаж ирсэн. Ингээд Х.Нямбаатар нийслэлийн ИТХ-д 32 төлөөлөгчтэй болж, том дуугарч ирсэн. 

Гэхдээ Х.Нямбаатарын дээр Н.Учрал гэж дарга бий. Нэгэнт хүчний харьцаа эргэж, Х.Нямбаатар биш Н.Учрал засаглаж эхэлсэн. Тэд нийслэл гэдэг том айлд эзэн суух эрхийн төлөө тэмцэлдэж эхэллээ. Ийм үед нийслэлийн МАН-ын хороон дахь Х.Нямбаатарын талынхны зарим нь Н.Учралын талд шарвахгүй гэх баталгаа үгүй. Шарвахгүй бол, Х.Нямбаатарын хүн сонгогдвол Н.Учрал Ерөнхий сайдын хувиар түүнийг нь батламжлахгүй байх эрх бас бий.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *