Аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилгоор Засгийн газраас арилжааны 10 банкаар дамжуулан 6 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Аялал жуулчлалын хөгжлийн Дэд хорооны хурлаар тус яамнаас нийт 28 аж ахуйн нэгжид 72 тэрбум төгрөгийн зээл олгосон тухай мэдээлсэн байна.
Гэвч салбарын олон компаниуд зээл авч чадахгүй байгаа бөгөөд зээл олголт ил тод бус байна гэх гомдлыг Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоонд ирүүлсээр байгаа аж. Иймд тус холбооноос зээлийн хэрэгжилт, хүртээмжийг үнэн зөв, ил тод мэдээлэх шаардлагатай гэж үзэн Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын Сайдад албан бичиг хүргүүлэв.
Холбооны бүртгэлээр зээл авсан 28 байгууллагын 10 нь АЖМХ-ны гишүүн хуулийн этгээд байгаа аж. Үлдсэн 18 аж ахуйн нэгжийн мэдээллийг тодруулан, баталгаажуулж ирүүлэхийг хүслээ.



