Барилгын салбарын балаг дуусахгүй нь


Нийслэлийн Хан-Уул дүүргийн III хороонд байрлах “Сутай таун” хотхонд 2023 оны 12-р сарын 19-нд гал гарч, 7 хүн амь эрсдэв. Өрхийн тэргүүн, ууган охинтойгоо амьд үлдэж, гэргий нь бага насны 2 хүүхэдтэйгээ амиа алдан, элэг бүтэн гэр бүлийг хагацлын хар манан бүрхэв. Үүнийг бид мартаж болохгүй.

Өглөө ажилдаа яваад, өргөсөн тангарагтаа үнэнч байсаар хорвоог орхисон гал сөнөөгчийг, бусдын амийг аврах гэж хичээгээд өөрөө амиа алдсан оршин суугчдыг санах учиртай. Уг гал гарахаас өмнө барилгын аюулгүй байдал хангагдаагүйг мэргэжлийн байгууллагаас гүйцэтгэгч компани болон холбогдох төрийн байгуулагуудад удаа дараа сануулж байв. Тухайн барилгын галын дохиолол анхаасаа л огт ажиллаагүй. Уг нь оршин суугчид “Ажилладаггүй дохиоллоо засаж өгөөч” гэж барилгын компаниас хүссэн. Гэвч барилгынхан засаж өгөөгүй. Мөн “Сутай таун” хотхоныг барьсан “Эс Си Жи Си” ХХК-ийн захирал нь БНХАУ-ын иргэн Хюн Бин. Хувьцаа эзэмшигчээр нь БНХАУ-ын иргэн Ли Юн, Хюн Бин, Ли Юнкин нар бүртгэлтэй байдаг аж.

“Сутай таун” хотхон хүүхдийн тоглоомын талбай, автозогсоол, ногоон байгууламжтай байхаар анх зураг төсөл гаргажээ. “Стандарт хангасан орон сууц барих нь” гэж зураг төслөөс нь харагдана. Тиймээс холбогдох байгууллагууд барилга барих зөвшөөрөл өгчээ. Гэтэл бодит байдал дээр тоглоомын талбай, ногоон байгууламжгүй. Тэр ч бүү хэл гал командын машин орох орц, гарцгүй. “Эм Си Жи Си” ХХК байранд орох гэсэн иргэдийн эрэлтийг далимдуулан, чанаргүй, стандартад нийцээгүй орон сууц барьж, хууран мэхлэх аргаар зарсан болж таарав.

Хотын стандарт, хяналтын газраас тэнд гал гарахаас 7 хоногийн өмнө буюу 2023 оны 12-р сарын 12-нд “Сутай таун” хотхоныг зураг төслийн дагуу бариагүй гэсэн дүгнэлт гаргаж, “Эм Си Жи Си” ХХК-д зөрчлийн хэрэг нээхээр АТГ-т ханджээ. Гэтэл прокурорын байгууллага уг саналыг хүлээж аваагүй гэх баримт бий. 

Гал гарснаас хойш 4 сарын дараа Хотын стандарт, хяналтын газраас шалгалт хийснээр “Сутай таун” хотхоны барилгаас хэд хэдэн зөрчил илрүүлжээ.

Баримт-1: “Сутай Таун” хотхоныг зураг төслийн дагуу барьсан эсэхийг хянаж шалгаагүй байхад улсын комисс ашиглалтад авчээ. 

Баримт-2: Хотын стандарт хяналтын газраас “Сутай таун “хотхонд хийсэн шалгалт 

Албан тушаал гээд алалцаж байх хооронд алдаа давтагдах вий

Стандарт норм, Барилгын тухай хуулийг зөрчсөн энэ барилгыг 2017 онд Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын тухайн үеийн дарга Т.Эрдэнэтуяагаар удирдуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй комисс хүлээн авсан байна. Т.Эрдэнэтуяа гэгчид эрүүгийн хэрэг үүсгэн, өнөөдрийг хүртэл шалгасаар байна.  Харин “Сутай таун” хотхоны галын аюулгүй байдал өнөөдрийг хүртэл хангагдаагүй. Тэр ч байтугай 2-р блокоо барьж ашиглалтад оруулжээ.

“Сутай таун” хотхонд гал гарч 7 хүн амиа алдсанаас хойш 27 хоногийн дараа буюу 1-р сарын 23-24-ны шөнө гааз тээвэрлэсэн автомашин дэлбэрсний уршгаар 7 хүн амиа алдан, “Эдү апарт” хотхон галд өртөж, 70 орчим хувь нь шатсан. Уг хотхоны орон сууцуудыг тухайн үед иргэдэд зарахдаа “Гал гарсан үед автоматаар ажиллах, ус шүрших төхөөрөмжтэй” хэмээн танилцуулжээ. Үнэндээ автомат шүршигч, галын дохиолол нь ажилладаггүй, гал унтраах гидрант хоолойгүй байжээ. Хэрэв эдгээр тоноглол ажилладаг байсан бол оршин суугчид хамаагүй бага хохирол амсах байсан биз. Орон гэргүй болсон 180 гаруй айл өнөөдөр ч байр түрээслэн амьдарч байна. “Эдү апарт” хотхоныг сургуулиас салангид барих архитектурын даалгавар гарсан ч бодит байдал эсрэгээрээ байх аж.

Мөн “Эдү апарт” хотхоныг 12 давхар байхаар төлөвлөсөн ч үндсэн бүтцийг нь эвдэж, 13 давхар болгосон. Ингэхдээ 13 дахь давхрыг гал дэмжих материалаар барьсан, мөн галын аюулгүй байдал хангаагүйг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дурдсан байдаг.

Стандарт, норм гэх зүйлийг баримтлаагүйгээс ямар хэмжээний аюул учирч болохыг энэ 2 барилгаас бүгд харсан. Тэгтэл стандарт, норм мөрдүүлэх ёстой төр нь өмнөх асуудлуудаасаа сургамж авах нь битгий хэл дээгүүрээ сандал суудлаа солилцсоор байтал сая дахин 1 барилгад гал гарлаа. Азаар хүний амь, эрүүл мэнд хохирсонгүй.

Галын дохиолол ажиллаагүйгээс гэртээ шатаж үхэх дөхлөө

Нийслэлийн Хан-Уул дүүргийн XI хороонд байрлах “Seven star” хотхонд 5-р сарын 16-ны бямба гаргийн шөнө гал гарав. Уг галд 1-3 дугаар давхар нь шатсан байна. Энэ үеэр хүний амь, эрүүл мэнд хохироогүй. Гал гарсан шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа аж.

Хотхоны оршин суугчдын хэлснээр…

Оршин суугч: Гал гарахаас 2 хоногийн өмнө B1 давхарт авто угаалгын газар ажиллуулдаг хүмүүс гадна талбайд ашигладаг лакаар дотор шалыг шөнө дунд будсан. Үүнээс болж хоёр хоногийн турш маш муухай, хортой байж болох үнэр тархсан. Энэ талаар дүүрэг, нийслэлийн онцгой байдал болон 1111 төв зэрэг хамаарал бүхий төрийн байгууллагуудад хандсан ч тоож авч хэлэлцээгүй. Гэтэл одоо хүмүүс амарч байхад шөнө гал гарч 1-3 давхраараа хохирлоо.

Оршин суугч: Гэрт одоо ч угаар үнэртэж байна. Гал гарч байгааг сонсоод хүүхдээ бүтэээлгээр ороогоод лифтэнд суухад, хэдхэн минутын дотор хүүхдийн ухаан балартсан. 2 хүүхэдтэйгээ 4-үүлээ үхэх шахсан.

Оршин суугч: Галын дохиолол дуугараагүй. Гэртээ шатаж үхэх нь байна. Гадаадад нэг өндөг шарах төдийд л галын дохиолол дуугардаг. Гэтэл Монголд барьсан барилгуудын галын дохиолол дуугардаггүй.

Төрийн байгууллагууд энэ асуудлыг анхааралдаа авч, уг хотхоны 600 гаруй өрхийн аюулгүй байдалд анхаарал хандуулан, тус барилгыг барьсан компанид ч хариуцлага хүлээлгэх асуудал сөхөгдөж байгааг анхааруулъя. Хамгийн гол нь тус хотхон ашиглалтад ороод 3 жил болж байгаа ч бүрэн тохижиж дуусаагүй, тав тухгүй нөхцөлд амьдруулж байгаад оршин суугчид гомдолтой байгаагаа илэрхийллээ.

Өмнө нь галд өртсөн 2 барилгад стандарт гэдэг зүйл анхнаасаа хэрэгжээгүйг бид хожим харсан. Гэтэл энэ явдлуудаас хойш барилгын салбарт салхи орсон уу гэвэл үгүй. Цаашид бид барилгын салбарт анхаарч, хяналт, шалгалтаа сайжруулахгүй бол балаг нь дуусахгүй нь байна шүү, сайд, дарга нар аа!


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *