Н.Учралд Оюутолгой оноо авчрах уу, алдаа нэмэх үү гэдгийг цаг хугацаа харуулна


Оюутолгой улстөрчдийн хувьд галтай сэдэв. Үе үеийн Ерөнхий сайд нар хувийн оноогоо Оюутолгой төслөөр дамжуулан өсгөх гэж попорч, уг төслийг ашиглаж ирснийг бид олон жишээн дээрээс мэднэ. Харамсалтай нь хувийн оноогоо өсгөхдөө Оюутолгойг ашиглаж байсан улстөрчид эргээд Оюутолгойгоосоо болж, нэг нэр, хоёр хоч зүүж үлдсэн нь цөөнгүй.
Энэ түүхийг ч одоогийн Ерөнхий сайд Н.Учрал давтаж явна. Тэрээр 7 жилд нэг удаа Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн өрнүүлдэг зээлийн хэлэлцээрийг ахин ашиглаж, улс төрийн оноогоо ахиулах гэж оролдлоо.

 Н.Учралын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийнхэн “Рио тинто”-гийн талд төлөх ёстой байсан 2 үйлчилгээний мөнгийг өгөхгүй байх тохироог 2026 оны 1-р сараас эхлэн хийж чадсан байна. Түүнчлэн Монголын талын төлөх ёстой 1,5 тэрбум долларыг төлөхгүй байх боломжийг бүрдүүлж чадсан хэмээн мэдэгдлээ. Энэ нь Монголын талд ирэх өгөөжийг нэмэгдүүлэх алхам болж чадлаа хэмээн тэд зарлаж байна.  

Гэхдээ Ерөнхий сайдын энэ бардам ам цаг хугацааны шалгуурыг дааж үлдэж үү гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Эргэн сануулахад Оюутолгойн асуудлаар улс төр хийсэн Ерөнхий сайд нар тухайн үедээ яг одоогийн Н.Учралынх шиг баярласан мэдэгдэл хийж, олны дунд онгирч явсан удаатай. Харин эцэстээ Оюутолгойтой холбоотой ажлаасаа болж эргэж буцах нүүргүй болсон нь цөөнгүй.

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн далд уурхайн гэрээг байгуулж, 15 банканд Оюутолгой ордыг барьцаанд тавих ажлыг хийсэн гэдгээрээ түүхэнд нэрээ үлдээсэн. Тухайн үедээ түүхэн гэрээ, үйл явдлыг эхэлж чадлаа хэмээн хийсэн ажлаа бахархаж байсан түүх бий. Гэхдээ тэрээр өнөөдөр энэ ажлаасаа болж, эх орныхоо хилийн босгыг ч давж чадахгүй харийн нутагт цагаачлан амь зууж явна. Цагтаа Монголын төрийг тэргүүлж явсан Ч.Сайханбилэгийг одоо эх орон нь Интерполоор эрэн сурвалжлах зар түгээж байна. Энэ бол Ч.Сайханбилэгийн тухайн цаг үеийн оюутолгойтой холбоотой өрнүүлсэн улс төр цаг хугацааны шалгуурыг дааж чадаагүйн хамгийн том жишээ билээ.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт  ч Оюутолгойтой холбоотой хар төрүүлсэн баримт бий. Тодорхой өгүүлбэл Оюутолгойгоос 20 сая долларын санхүүжилт Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын дансанд тайлбаргүйгээр шилжсэн баримт гарч ирсэн нь одоо ч зарим улстөрчдийн ярианы бай болсоор  байна.

Н.Учралын өмнө Монголын төрийн жолоог атгаж явсан Г.Занданшатарын хувьд  ч “Оюутолгойн усны төлбөр торгуулийг сөхсөнөөсөө болж огцорлоо” хэмээх тайлбарыг олон нийтэд хэвлэлийн багаараа дамжуулан цацаж явсныг бид хараахан мартаагүй. Үнэн эсвэл худал гэдгийг одоогоор тайлсан баримт алга. Магадгүй  энэ мэдэгдлийн үнэн, худлыг дэнслэх цаг хугацаа хараахан өнгөрөөгүй байж мэдэх юм.

Энэ мэтчилэн Ерөнхий сайд нарын попрохдоо ашигладаг гол бай болсон Оюутолгойн асуудал Н.Учралд оноо авчрах уу эсвэл егөө дагуулах уу гэдгийг одоогоор таахад эрт байна.

Ямартай ч улстөрчдөд гал дууддаг сэдвүүдийн нэгээр аль хэдийнэ Н.Учрал оролдож, өөртөө оноо цуглуулахаар улайрч явна. Гэрээний хэлэлцээрийн цаг үе түүний Засгийн газрын мөчлөгтэй давхацсан нь чухам аз байсан уу эсвэл эз нь дуудсан хэрэг үү гэдгийг ажиглах үлдлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *