Нийслэлийн засаг даргын орлогч асан Т.Даваадалайг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ. Тодорхой дурдвал Т.Даваадалайд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцсэн байна. Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, яллагдагч Т.Даваадалайг “…хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх…” гэх үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж шүүхээс үзжээ.
Ийнхүү яллагдагч Т.Даваадалайд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Түүнийг Туулын хурдны зам, 1-р тойрог зам төсөлд шалгарсан ААН-үүдээс эхнэрийнхээ болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг, мөн эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан 2 ААН-д 709 сая төгрөг, эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан байж болзошгүй гэж буруутгаж байгаа юм.
