Х.Нямбаатарын оронд нийслэлийг удирдах шинэ даргыг энэ 7 хоногт тодруулна. Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр 10:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, нэр дэвшигчдээс хэнээр нь хотыг удирдуулахаа ерөнхийлөн шийднэ.
Одоогоор нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн, МАН-ын нарийн бичгийн дарга, тус намын Залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвдагва нар уг албан тушаалд өрсөлдөж байна. Ингээд маргааш нийслэлийн ИТХ-ыг ээлжит бусаар хуралдуулж, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэхээр болжээ.
Нөөцийн мах хомсдож, зах дээр махны үнэ 36.000 төгрөгт хүрснээр Х.Нямбаатарыг огцруулах асуудал үүссэн. Махны хэрүүл бол манай улсад жижиг асуудал биш гэдгийг энэ үйл явдал харууллаа. Х.Нямбаатарын зарласан нөөцийн махны тендерт “Женко” групийн 2 ч компани шалгарч, 60 тэрбум төгрөг хотын төсвөөс авчихсан аж. Гэтэл нөөцийн махнаас 2500 тонн сох дутсан байна.
Үүниыг зориуд махны үнийг хөөрөгдөж, ард олны ходоодоор нь дамжуулж Засгийн газрын эсрэг босгон, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн үйлдэл, авлигажсан акц гэж Ерөнхий сайд Н.Учрал сэжиглэн, Х.Нямбаатарыг нийслэлийн засаг даргын албан тушаалаас чөлөөлж, нөөцийн мах бэлтгэх тендерт шалгарсан компаниудыг шалгаж байна.
